Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан эхлүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн нийслэл Улаанбаатар хотод нээлээ. Тус арга хэмжээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн судлаачид, төрийн албан хаагчид, үйлдвэрлэл эрхлэгчид, газар тариалан, мал аж ахуйн салбарын төлөөлөл 1200 гаруй зочин, төлөөлөгч оролцов.

Хүн амын хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүний зохистой хэрэгцээг 2021 оны байдлаар тооцож үзвэл, нийслэлийн иргэд жилд 54.3 мянган тонн малын мах, 18.1 мянган тонн шувууны мах, 72.4 мянган тонн сүү, 81.4 мянган тонн сүүн бүтээгдэхүүн, 45.2 мянган тонн гурил, 81.4 мянган тонн гурилан бүтээгдэхүүн, 54.3 мянган тонн төмс, 117.6 мянган тонн хүнсний ногоо, 9 мянган тонн өндөг, 10.4 мянган тонн ургамлын тос, 4.6 мянган тонн цөцгийн тос хэрэглэдэг. Эдгээрээс мах, гурил, төмсийг 100 хувь дотоодоос хангаж байгаа бөгөөд сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, өндөгний хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Харин ургамлын тос, давс, цөцгийн тос, тахианы мах, хүлэмжийн ногооны хангамж импортоос шууд хамааралтай бөгөөд сүүн бүтээгдэхүүн, ургамлын тос, давсны үйлдвэрлэлийг дотоодоос хангах боломж байгааг зохион байгуулагчид хэлж байлаа.

Энэ үеэр Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг “Нийслэл хот маань хүн амын 53 хувь нь оршин суудаг, ийм олон хүн амтай. Үйлдвэрлэл бүтээгдэхүүний төв болсон ийм хот. Ийм хотод хүнсний хангамж болон аюулгүй байдлыг хангах нь нэн чухал үүрэг. Манай нийслэл хотын харьяаны хөдөө аж ахуйн гаүар тариалангийн салбарын хүмүүс 5.3 хувийг нийслэлийн хэрэгцээний хүнсний бүтээгдэхүүнийг хангаж байна. Бусад хангамжийг хөдөө орон нутагтай хамтран хангаж байдаг. Энэ Хүнсний хувьсгал бол цагаа олсон ажил гэж үзэж байгаа. Бид бүгд нийслэлийнхээ хүн амыг хүнсний хангамж, аюулгүй байдлаар хангаж ажиллахын тулд хөдөө орон нутагтайгаа хамтарч ажиллана” хэмээсэн юм.