Нийслэлийн иргэд бид хүнсний бараа бүтээгдэхүүний талаарх гомдол мэдээллээ хаана гаргаж, хэрхэн асуудлаа шийдвэрлүүлэх эсэхээ сайн мэдэхгүй хохирох явдал цөөнгүй. Уг нь энэ талаарх гомдлыг нэгдсэн тогтолцоотой байх үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хариуцаж, иргэдийн асуудлыг шийдвэрлэдэг байсан.

Харин өнөөдөр мөрдөгдөж буй шинэ тогтолцооны хүрээнд яам, агентлагуудад холбогдох салбарын хяналтууд шилжсэн. Тэр дундаа Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын үүрэг хариуцлага эрс нэмэгдэж, хүнсний аюулгүй байдалд дөрвөн чиглэлээр хяналт тавин ажиллаж буй юм. Тодруулбал, тус байгууллагын хяналтын хэлтэс 58 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаагаас 51 нь хүнсний чанар, стандартын чиглэлээр хяналт хэрэгжүүлдэг байна.

Иргэн Та нийслэлийн нэгдсэн үйлчилгээний зургаан цэг болон Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүнсний чанар, аюулгүй байдалтай холбоотой өргөдлийг бичгээр хүргүүлэх эрхтэй. Түүнээс гадна Засгийн газрын 1111 тусгай дугаар, Нийслэлийн өргөдөл гомдол хүлээж авдаг 1800-1200 тусгай дугаар руу холбогдож, утсаар гомдлоо гаргах боломжтой юм байна.

Энд нэг зүйл тодруулахад, Иргэн Таны Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлсэн өргөдлийн дагуу тус байгууллага шалгалтын ажиллагаа явуулж, ямар арга хэмжээ авч ажилласан талаараа албан бичгээр болон утсаар мэдэгддэг аж. Өөрөөр хэлбэл, шалгалтын ажиллагаа явуулахад зөрчил илэрсэн бол Зөрчлийн тухай хуулийн хүрээнд торгох, албадлагын арга хэмжээ авах, хэсэгчлэн үйл ажиллагааг нь зогсоох зэргээр хариуцлага тооцдог байна. Хэрэв хүний эрүүл мэндэд хохирол учруулсан бол нөхөн төлбөр тавих, хохирлыг нь барагдуулах зэрэг зохицуулалттай ажилладаг. Мөн тухайн аж ахуйн нэгж хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүний шошгыг сольж, дахин худалдвал Эрүүгийн хариуцлага хүлээх хүртэл хуулийн зохицуулалттай юм.