Сүүлийн үед дэлгүүрийн лангуун дээрх бүтээгдэхүүний хугацаа нь дууссан, хадгалах горим алдагдсан, дотроос нь гадны биет гарсан гэх гомдол тасрахаа больсон. Уг асуудлын хүрээнд Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.Хонгороос тодрууллаа.
-Хүнсний чанар, аюулгүй байдалтай холбоотой гомдол мэдээллийг та бүхэн ямар шугамаар хүлээн авч байгаа вэ?
– Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний зургаан цэг болон Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүнсний чанар, аюулгүй байдалтай холбоотой өргөдлийг бичгээр хүлээн авч байна. Мөн Засгийн газрын 1111 тусгай дугаар, Нийслэлийн өргөдөл гомдол хүлээж авдаг 1800-1200 тусгай дугаар руу холбогдож, утсаар гомдлоо гаргаж болно.
– Он гарсаар хүнсний чанар аюулгүй байдалтай холбоотой хэр их гомдол ирсэн бэ?
– Одоогийн байдлаар энэ төрлийн 41 гомдол мэдээлэл ирсэн байна. Гомдол хүлээж аваад шалгалтын ажиллагаа явуулна. Шалгалтын хүрээнд ямар арга хэмжээ авч ажилласан талаар гомдол гаргасан иргэн аж ахуйн нэгжид албан бичгээр болон утсаар мэдэгдээд явж байна.
Эдгээр гомдлын дагуу явуулж буй шалгалтын ажиллагаа нь төлөвлөгөөт бус шалгалтад хамаарна. Шалгалтын ажиллагаа явуулахад зөрчил илэрсэн бол Зөрчлийн тухай хуулийн хүрээнд торгох, албадлагын арга хэмжээ авах, хэсэгчлэн үйл ажиллагааг нь зогсоох зэргээр хариуцлага тооцно. Хэрэв хүний эрүүл мэндэд хохирол учруулсан бол нөхөн төлбөр тавих, хохирлыг нь барагдуулах зэрэг зохицуулалттай.
– Хөндлөнгийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалт жилдээ явуулдаг. Энэ хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?
– Цагаан сар, Эх үрсийн баяр, Үндэсний их баяр наадам, Хичээлийн шинэ жил, Шинэ жил гэсэн таван томоохон тэмдэглэлт баярын тодорхой хугацааны өмнө урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулдаг. Хүүхдийн ууттай бэлэгт хугацаа нь дууссан эсвэл дуусах гэж байгаа бүтээгдэхүүн хийдэг байдал сүүлийн жилүүдэд харьцангуй багассан. Хэрэв шалгалтаар ийм зөрчил илэрвэл газар дээр нь устгуулах арга хэмжээ авдаг.
– Төлөвлөгөөт хяналт шалгалтаа хэзээ эхэлнэ гэдгээ зарлачхаар зөрчилтэй байгаа ААН-үүдийг илрүүлж болохгүй юм биш үү?
– Нийгмийн зүгээс тийм шүүмжлэл ирдэг. Гэхдээ хуулийн хүрээнд хэд хоногийн өмнө урьдчилан мэдэгдэл хүргүүлэх ёстой гэж заасан байгаа. Хэрэв мэдэгдэлгүй хяналт шалгалт хийх гээд очвол байцаагч буруутан болно. Өмнө хэлсэнчлэн 58 байцаагчийн 51 нь хоол болон хүнсний үйлдвэрлэл, хүнсний худалдааг хариуцдаг. Тэд нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд хяналт тавьж ажиллана.
Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн дэлгүүрийн лангуун дээр байх нь хэвийн юм шиг үзэгдэл болжээ?
– Хүнсний тухай хуулийн 10.1.1-т Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцна гэж заасан.
Хүнсний үйлдвэрлэгчээс эхлээд сүлжээ дэлгүүр, импортлогч хүртэлх бүхий үйл ажиллагааг хүнсний сүлжээ гэнэ. Өөрөөр хэлбэл, малчны хотноос хэрэглэгчийн гарт хүрэх бүхий л үйл явцыг хүнсний сүлжээ гэж ойлгох хэрэгтэй.
Аливаа хүнсний бүтээгдэхүүнийг худалдан борлуулж буй тухайн байгууллага дотоод хяналтынхаа хүрээнд асуудлаа шийдвэрлэх ёстой.
Үйлдвэр хугацаа нь дууссан бүтээгдэхүүнээ буцаан татаад устгах уу эсвэл хугацааг нь засаад худалдаанд гаргаж байгаа юу гэдгийг байцаагч, хэрэглэгч, худалдагч ч мэдэхгүй. Хэрэв байцаагч дэлгүүрт шалгалт хийж байх явцад хугацаа нь дууссан бүтээгдэхүүн таарвал акт үйлдэх, устгал хийх, зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцох зэрэг холбогдох арга хэмжээ аваад явдаг.
– Хэр хугацаанд гомдол гаргагчийн хэргийг шалгах ёстой байдаг вэ?
– Өргөдөл гомдлыг Зөрчлийн хуульд заасан хугацаанд шийдвэрлээд явдаг. Богино хугацаанд шийдээд хариу өгөх боломжтой ажлыг түргэн шуурхай шийдвэрлэхийг зорьдог. Үргэлжлүүлэн шалгах шаардлагатай хэрэг дээр хэргийн хугацаа уртсах тохиолдол байна.
Иргэний гаргасан гомдол мэдээллийг хамгийн уртдаа Зөрчлийн хуулиар ажлын 58 хоногт багтаан шийдвэрлэх зохицуулалттай.
Хуулийн хүрээнд эрх бүхий албан тушаалтан 14 хоногийн дотор хэргийг шалгаж шийдвэрлэдэг. Гэхдээ нэмэлтээр нотлох баримт цуглуулах, холбогдогчоос мэдүүлэг авах зэрэг ажиллагаа явуулах шаардлагатай бол удирдах албан тушаалтны 14 хоног, цаашлаад нарийн шинжилгээ хийлгэсэн түүнд нь хугацаа шаардлагатай бол прокурорын 30 хоног нэмэгдээд явна.
Гэм буруутай эсэхийг тогтоох ажиллагаа байдаг учир зарим зөрчлийг хурдан хугацаанд шийдвэрлэх боломжгүй.
Харин тухайн зөрчил гаргагч өөрийнхөө зөрчлийг сайн дураараа хүлээн зөвшөөрвөл хялбаршуулсан журмаар шийдэх буюу ажлын тав хоногт багтаан шалгаж дуусгадаг.
– Хэрэв иргэний гомдол нотлогдоогүй тохиолдолд байгууллагын нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр буруутан болох уу?
– Тухайн гомдлыг шалгах явцад уг хэрэг нотлогдохгүй бол байцаагч хэргээс татгалзах эрхтэй. Гомдол гаргагч, хэргийн оролцогч буюу үйлдвэрлэгч худалдаалагч зэргээс мэдүүлэг авч, хяналтын байцаагч заавал нотолж байж шийдвэр гаргана.
Нотлогдоогүй буюу нотлох баримтыг материал дутуу байхад байцаагч эцсийн шийдвэр гаргавал түүнээс шалтгаалан гарсан хор уршгийг өөрөө хариуцдаг заалттай.
Ялангуяа хүнсний аюулгүй байдалтай холбоотой зөрчлийг шалгахад удаан хугацаа шаардлагатай байдгаас үүдэн иргэдийн дунд үйлдвэрлэгчийн талд шийдвэр гаргах гэлээ гэсэн хардлага байдаг.