Хүүхдийн эхээс авсан дархлал нь тодорхой хугацааны дараа буурч эхэлдэг тул дархлаажуулах бэлдмэл буюу вакцин хийлгэх шаардлагатай.
Халдварт өвчнөөс сэргийлэх дархлал тогтоохын тулд дархлаажуулах бэлдмэл буюу вакцин хэрэглэхийг дархлаажуулалт гэнэ.
Дархлаажуулах бэлдмэл гэж юу вэ?
Хүүхдийг халдварт өвчнөөс сэргийлэх дархлалтай болгохын тулд хэрэглэж буй бэлдмэлийг дархлаажуулах бэлдмэл буюу вакцин гэнэ.
Вакциныг хүүхдэд уулгах буюу тарьж хэрэглэнэ. Нэг төрлийн вакциныг товлолын дагуу хэд хэдэн удаа хийлгэнэ.
Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлол
Заавал хийх Дархлаажуулалтын үндэсний товлол нь таны хүүхэд ямар вакцин хэзээ хийлгэх ёстойг танд хэлж өгөх “ЛАВЛАХ” юм.
Дархлаажуулалтын тухай
Бяцхан үрс маань дөнгөж төрөөд 24 цагийн дотор вакцин хэмээх ач тустай зүйлтэйгээ учирдаг. Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу хүүхдүүд 15 хүртлэх насандаа 6 төрлийн вакцины нийт 17 удаагийн тунг хийлгэж, 7 өвчнөөс сэргийлэгдэх учиртай. Оршин сугаа газартаа бүртгэлгүй ч гэсэн дархлаажуулалтанд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.
Дархлаажуулалтанд очихдоо та юуг анхаарах вэ?
Хүүхдээ усанд оруулж цэвэрхэн дулаан хувцаслаарай. Хүүхдийнхээ дархлаажуулатын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг авч очоорой. Энэ нь хүүхдээ ямар вакциныг хэзээ хийлгэснийг санахад тусална. Хүүхдээ вакцин хийлгэхийн өмнө эмчид үзүүлээрэй.
Дархлаажуулалтын үед таны анхаарах зүйлс
– Вакцины хүчинтэй байх хугацааг харах
– Вакцины шошгон дээрх заалт /монитор/-ийн өнгө өөрчлөгдсөн эсэх
– Нэг удаагийн зүү тариур хэрэглэж байгаа эсэх
– Хэрэглэсэн зүү тариурыг аюулгүй хайрцаганд хийж байгаа эсэх
– Вакцин хийлгсэн тухайгаа эрүүл мэндийн дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээнд тэмдэглүүлэх
Ямар ямар вакцин хийлгэх ёстой вэ?
БЦЖ-ийн эсрэг вакцин
Энэ вакцин нь сүрьеэ өвчнөөс сэргийлнэ.
Хийх арга: зүүн бугалганы арьсан дотор хийнэ.
Вакцины товлол: Төрсний дараа 24 цагийн дотор
Хариу урвал: Тарьсан хэсэг газарт улайх, хавдах, идээлэх шинжүүд илэрч болно. Цаашдаа шархлан тав тогтож гялгар цагаан сорви үлдэнэ. Энэ нь дарлал тогтосныг илтгэнэ.
Халдварт саагийн эсрэг вакцин
Энэ вакцин нь халдварт саа өвчнөөс сэргийлнэ.
Хийх арга: 2 дусалаар уулгана.
Вакины товлол:
– 1-р тун төрсний дараа 24 цагийн дотор
– 2-р тун 2 сартайд
– 3-р тун 3 сартайд
– 4-р тун 4 сартайд
Вируст гепатит В-ийн эсрэг вакцин
Энэ вакцин нь вируст гепатит В өвчнөөс сэргийлнэ.
Хийх арга: Гуяны булчинд тарина.
Вакцины товлол:
-1-р тун төрсний дараа 24 цагийн дотор
-2-р тун 2 сартайд
-3-р тун 8-11 сартайд
Сахуу татарангийн эсрэг вакцин
Энэ вакцин нь сахуу, татран өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
Хийх арга: бугалганы булчинд тарина.
Вакцины товлол:
-1-р тун 7 настайд
-2-р тун 15 настайд
Хариу урвал:
Бага зэрэг халуурч, тарьсан газарт улайж хавдаж болно.
Онцлог тал:
8 ба 15 настай хүүхдийн дархлаажуулалтыг сургууль дээр нь хийдэг тул тухайн насны хүүхдүүдээ вакцинд хамрагдсан эсэхийг асууж, хянаж байгаарай.
Улаан бурхны эсрэг вакцин
Энэ нь улаан бурхан өвчнөөс урьдилан сэргийлнэ.
Хийх арга: Вакциныг тусгай уусгагч шингэнээр найруулж бугалганы булчинд тарьна.
Вакцины товлол:
• 1-р тун 9 сартайд
• 2-р тун 2 настайд
Тавт (сахуу, хөхүүл ханиад, татран, гепатит В, хемофилюс инфюленза В–гийн эсрэг ) вакцин
Энэ нь сахуу, хөхүүл ханиад, татран, гепатит В, хемофилюс инфюленза В нянгаар үүссэн өвчнөөс сэргийлнэ.
Хемофилюс инфюленза В нян нь тархи нугасны зөөлөн бүрхүүлийн үрэвсэл (менингит), уушгины хатгаа зэрэг өвчнүүдийг үүсгэдэг. Энэ өвчнөөр тав хүртэлх насны хүүхдүүд илүүтэй өвчилдөг бөгөөд энэ насны хүүхдийн өвчлөл эндэгдлийн гол шалтгаан болдог.
Таны хүүхдэд энэхүү тавт вакциныг хийлгэснээр товлолын дагуу тариулах вакцины хатгалтын тоо хоёроор цөөрч, нэг удаагын тарилгаар 5 өвчнөөс сэргийлж чадна.
Хийх арга: хүүхдийн гуяны өмнө талын булчинд тарьна.
Вакцины товлол:
• 1-р тун 2 сартайд
• 2-р тун 3 сартайд
• 3-р тун 4 сартайд
Хариу урвал: Тарьсан газар улайх, хавдах, хөндүүрлэх, өвдөх шинж тэмдэг илэрч болно.
Зөвлөмж
• Дархлаажуулалтын дараа 30 минутаас доошгүй хугацаанд эмчийн дэргэд хүүхдээ ажиглаарай.
• Дархлаажуулалтын дараа дааруулахгүй тайван байлгаарай.
• Дархлаажуулалтын дараа бага зэрэг халуурах, тарьсан газар улайх, хавдах, өвдөх, чинэрэх, уйлагнах, тавгүйтэх зэрэг хариу урвал илэрч болно. Үүнээс болж вакцин хийлгэхээс татгалзах хэрэггүй.
• Вакцин тарьсан газарт эм түрхэж боолт хийх хэрэггүй.
• Вакцин тарьсан газрыг хөндөхгүй, маажихгүй, бохирдуулахгүй байлгаарай.
• Хэрэв хүүхэд тань 39 хэмээс дээш халуурах, тасралтгүй чангаар уйлах болон бусад эмгэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай.
• Эмчийн зөвлөмжийн дагуу халуун бууруулах, өвдөлт намдаах зорилгоор парацетамол өгч болно.