Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 12 дугаар сарын 25-наас 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 61 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 41 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 802 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 4 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 794 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 2 мэдэгдлийг холбогдох байгууллагад хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт нийт 7 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Туул голын сав газрын захиргааны Мэдээлэл, хяналт шалгалтыг зохицуулах албаны удирдах албан тушаалтан “О” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Ашигт малтмал, газрын тосны газрын Хууль, эрх зүйн хэлтсийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан “Э” нар бүлэглэн бусдад давуу байдал бий болгосон гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.