Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэн 2023.10.27-нд эцэслэн баталсан.
Уг хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр заавал хийх дархлаажуулалтын талаар тодорхой тусгаж өгсөн юм.
Заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа /полиомиелит/, В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар, А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусийн халдвар, гахай хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга орно.
Заавал хийх дархлаажуулалтыг Засгийн газраас баталсан үндэсний товлолын дагуу хэрэгжүүлнэ.
Эрүүл мэндийн холбогдох байгууллага нь сүрьеэ, халдварт саа /полиомиелит/, В вируст гепатитын эсрэг дархлаажуулах бэлдмэлийг хүүхдийг төрсний дараа 24 цагийн дотор хийж, сэргийлэх тарилгын гэрчилгээ олгоно.
Үндэсний товлолын сэргийлэх тарилгаас эмнэлгийн заалтаар түр чөлөөлөгдсөн хүүхдийг тогтоосон журмын дагуу нөхөн дархлаажуулалтад хамруулна.
Нөхөн дархлаажуулалт хийх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.