Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакциныг үндэсний товлолт вакцинд оруулсан. Энэ талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас зарим зүйлийг тодрууллаа.

-Умайн хүзүүний хорт хавдар сүүлийн үед нэлээд нэмэгдэх боллоо. Тэр дундаа 30 дээш насны эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдож байна. Хавдраас хэрхэн сэргийлж болох вэ?

-Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэх хамгийн гол шалтгаан нь хүний паппилома вирус /ХПВ/. Энэ төрлийн вирусээс 90 гаруй хувь нь шалтгаалж байна. Өвчлөлийн статистик мэдээнээс харвал, 30-аас дээш насны эмэгтэйчүүдэд уг хавдрын өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа бол 55-60 насны эмэгтэйчүүдэд хамгийн их тохиолдож байна. Бэлгийн хавьталд орсон цагаас эхлээд эрэгтэй хүнээс эмэгтэйд халдварладаг, бэлгийн амьдралтай салшгүй холбоотой вирус. Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэг хүний паппилома вирус /HPV/-ээс сэргийлэх үндсэн арга нь вакцин. Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэг гол үүсгэгч буюу хүний паппилома вирусын эсрэг вакциныг дэлхий нийтэд зорилтод бүлгийн хүн амыг вакцинжуулж, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж байгаа.

Ялангуяа хүний паппилома вирусын эсрэг 2 цэнтэй вакциныг улс орнууд хэрэглэж байсан.  Одоо бол 4 цэнтэй, 9 цэнтэй вакциныг дэлхий дахинд бүтээж, хэрэглээнд нэвтрүүлсэн.

Яагаад цэнт гэж хэлээд байна гэвэл вирусыг дотор нь хэв шинжээр нь ангилаад 16,12,11 хэв шинж гэх мэтээр дугаарласан байгаа вирусуудын хэв шинжийн эсрэг хэдэн хэв шинжийг агуулж байгаагаар нь 2, 4 цэнтэй гэх мэтээр ангилдаг.

-Дархлаажуулалт хэдийнээс эхлэх вэ?

-Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан Дархлаажуулалтын үндэсний товлол болон Дархлаажуулалтын тухай хууль, Хавдрын эсрэг арга хэмжээний төлөвлөгөө, Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу уг ажлыг хэрэгжүүлнэ. Умайн хүзүүний хавдрын эсрэг дархлаажуулалтыг улсын хэмжээнд энэ онд хэрэгжүүлнэ. Одоогор бэлтгэл ажил явагдаж байна.

-Умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг хүний паппилома вирус /HPV/-ийн эсрэг вакциныг хэрхэн хийлгэх вэ?

-ДЭМБ-аас вакциныг 9-13 насны хүүхдэд тухайн улс орны дагаж мөрдөж буй үндэсний товлолын дагуу хийхийг зөвлөж байгаа. Манай улс дархлаажуулалтын тухай хуульд заасны дагуу сайн дурын үндсэн дээр аль ч насны эмэгтэйчүүдийг вакцинжуулах боломжтой.

9-13 насны охид ДЭМБ-аас баталгаажсан 4 цэнт вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетад очиж хийлгэх боломжтой. Эхний тунг хийлгэснээс хойш 2 сарын дараа 2-р тунг хийлгэж, эхний тунгаас 6 сарын дараа 3-р тунг хийлгэх заалттай.

Сайн дурын дархлаажуулалт гэдэг нь иргэн өөрийн хүсэлтээр дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг хэлнэ гэж заасан байдаг.

15-аас дээш насныханд 3 тунгаар хийнэ. Эхний тунг тарьсан өдрөөс хойш хоёр сарын дараа хоёр дахь тунг хийнэ. Эхнийхийг тарьсан өдрөөс хойш зургаан сарын дараа гурав дахь тунгаар дархлаажуулдаг.