Удтал дуншсан МАН-ын бага хурал Сар шинийн өдрүүдтэй давхцаж мэдэхээр байна. Уг нь оны өмнө хуралдаж намын дарга Л.Оюун-Эрдэнийн улстөрийн илтгэл, ажлын тайлан, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг сонсч дүгнэхээр төлөвлөсөн ч намын дотоод дахь бүлэглэлүүдийн үл ойлголцол, хөл хөдөлгөөнөөс эмээн өнөө хэр хойшлогдсоор байгаа.

Тус намын бага хурал удирдах зөвлөл болон гишүүдтэйгээ хариуцлага тооцох, чөлөөлөх, нөхөн томилох болон улстөрийн шийдвэр гаргахад чухал нөлөөтэй гэх хэдий ч үнэн чанартаа хэдэн бүлэглэлийн халаасанд хуваагдсан мандат төдий болсон нь үнэн.

Хэрэв тэд мандат төдий бишсэн бол ирэх сонгуульд Хөгжлийн банк, ЖДҮ, тусгай сан, нүүрсний хэрэгтнүүдээ нэр дэвшүүлэх эсэхийг эцэслээд, хэнээр намын тамгыг төрийн тамгатай атгуулбал зохистойг шийдээд сууж байх байлаа. Харамсалтай нь, намынх нь генсекийн үүргийг хавсран гүйцэтгэгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Сү.Батболд, Б.Баттөмөр, Сангийн сайд Б.Жавхлан, нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд нар нүүрсний хулгайн асуудалд “холбогдогч”-оор нэрлэгдээд байхад л хариуцлага ярих байтугай, бага хурлаа шаардаад хийлгэчих тэнхэлгүй хойшлуулсаар өнөөг хүрч байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын ахлан зохион байгуулсан нүүрсний сонсголоор Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд, Сү.Батболд тэргүүтэн хамгийн их нэр дуудагдан, баримт сөхүүлсэн нөхөд. Улс орныхоо хөгжил, эдийн засгийн эсрэг үйлдэгдсэн хамгийн муухай асуудалд нэр холбогдсон л бол уг нь энэ нөхөд улстөрийн хариуцлага хүлээн ядаж л намынхаа дотоод дахь эрх, үүргээсээ татгалзах ёс зүйтэй байвал гоё. Тэд чадахгүй бол намынх нь Бага хурлын гишүүд хариуцлага тооцож, нэр холбогдсон хэргүүддээ ясаа цайтал шалгуулаад нэр төрөө цэвэрлээд ир гэвэл ирэх сонгуулийн ялалт эрх баригч намд зардал болоод золиос багатайгаар ирэх нь үнэн юм.

Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд нарын тухайд Админерал ХХК-тай хамаарал бүхий этгээдүүдээр нэрлэгдсэн. “Бортээгийн уурхайн гэрээт олборлогч”-ийг сонгон шалгаруулах тендерийг хэдэнтээ цуцалж, эцэст нь “Монголиан контракт майнинг сейрвис” ХХК, “Таван хур” ХХК, “Админерал” ХХК, “Спейшлмайнинг сервис” ХХК-уудын “МТАС” түншлэл шалгарсан байдаг.

Түр хорооны шинжээчийн зүгээс тендер сонгосон шалгаруулалтыг үнэлбэл “МТАС” түншлэл шалгарах боломжгүй байсан нь баримтуудаар нотлогдсон хэмээсэн.

Тэрчлэн, тухайлсан аж ахуй нэгжид зориулан хуулийн хүрээнд явагдсан гэж харагдуулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган байж тендер шалгаруулсан байж болзошгүй гэх онц ноцтой дүгнэлт бий. Эхний тендерийг тодорхой үндэслэлгүй цуцалж, хоёр дахь тендерийг хуулийн хүрээнд зохион байгуулсан үнэлгээний хороог өөрчилсөн нь “МТАС” түншлэлийн гишүүн “Админерал” ХХК болон “Таван хур” ХХК-д давуу байдал үүсгэх зорилготой гэж үзэхээр байгааг шинжээч хэлж байсныг мартаж болохгүй.

Түншлэлийн компаниуд хэрхэн задарч Батж.Батбаяр, Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд, Б.Жавхлан тэргүүтэн нэр холбогдсон талаар нүүрсний сонсголд хангалттай өгүүлсэн төдийгүй, бид дэлгэрэнгүй мэдээллийг жич хүргэх тул энд түр орхиё.

Шинжээчийн дээрх дүгнэлтийг Үнэлгээний хорооны гишүүн /ЭТТ ХК-ийн Геологи төлөвлөлтийн хэлтсийн дарга/ Д.Уужимсанаа ч сонсголын үеэр баталсан гэхэд болно.

Харин Сү.Батболдын нэр дурьдагдах бүрт гөлөг төөрүүлэх ажиллагааг Түр хорооны дарга Б.Энхбаяр нэлээдгүй хийсэн гэх шүүмж одоо хүртэл нийтийн дунд байсаар байна. Сү.Батболдын Засгийн газрын үед тавьсан Чалкогийн өрийг 7 жилийн турш дөрвөн Засгийн газар дамжин нийт 410 сая ам.доллар болгож, зөвхөн хүүнд 60 сая ам.доллар төлж барагдуулсан талаарх баримт дөнгөж эхлэл нь. Чалкогийн гэрээний ноцтой заалт нь 1 тонн нүүрсний үнэ зах зээлд 110 ам.доллар байхад манай улс 70 ам.доллараар, хэрэв нүүрсний үнэ зах зээлийн ханшаар 70 ам.доллар болвол 1 тонныг нь 58 ам.доллараар олборлоод 53 ам.доллараар зарахад хүрсэн явдал. Монгол Улсыг сөхөрч унатал алдагдалд оруулж, өнөөдрийн бум түмэн өрийн эхлэлийг тавихад хүргэсэн энэ асуудал яагаад түүнээс хол яригдах ёстой гэж?!

Тэрчлэн Монгол Улсаас гаалийн бүрдүүлэлт хийлгэлгүйгээр 5.2 сая тонн нүүрс хулгайн замаар гарсны 1.2 сая нь Сү.Батболдын үеэл, авга дүү Цэрэнпүрэвийн Амгалан гэх эмэгтэйн 8 компаниар хил гарсан гэх факт олны сонорт хүрчихээд байхад нам нь улстөрийн хариуцлага тооцохгүй юу?!

Энэ эмэгтэй Сингапурт бүртгэлтэй E Commodities Mongolia хэмээх компанийн Удирдах зөвлөлийн даргаар ажилладаг бөгөөд тус компанийн толгой нь FAMOUS SPEECH LIMITED хэмээх Виржиний арлуудад бүртгэлтэй оффшор компани гэгдсэн.

Түмний сонорт хүрсэн ноцтой мэдээллүүдээс Гаалийн бүрдүүлэлтгүй хулгайн нүүрс нь 2020-2023 оны хооронд Монгол Улсын хилээр гаргасан байх бөгөөд тухайн онуудад Гаалийн ерөнхий газрын даргаар Сү.Батболдын эхнэр Отгонтуяагийн төрсөн ахын хүү Б.Асралт ажиллаж байсан гэснийг орхигдуулж болохгүй. Б.Асралт 2016 оноос хойш Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад нүүрсний дуулиан эхэлмэгц ажлаа өгсөн. Түүнийг Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байх үедээ Сингапур дахь элчин, консулын ажилтантай гүн гүнзгий харилцаатай байсан төдийгүй түүгээр дамжуулан экс Ерөнхийлөгч Х.Баттулгын хөрөнгө санхүүгийн талаар судлуулж байсан гэх мессэж өчигдрөөс эрх баригч намын бага хурлын гишүүдийн хүрээнд эрчтэй яригдаад эхэлсэн мэдээллийг эх сурвалжаас өгч байна.

Тэд намын дүрмийн заалт болон гэмт хэрэгт холбогдсон буюу эсхүл хэвлэл мэдээллээр тухайлан шүүмжлэгдэн, түүнээс нь болж намын нэр хүнд, эрх ашиг хөндөгдвөл уг асуудлаар Хяналтын ерөнхий хороонд хандан, намын нэрийг бохир балчигт хутгасан нөхдөд хариуцлага тооцох эрх зүйн чадамж бүхий үүрэг, хариуцлагынхаа хүрээнд асуудлыг ярих цаг болсон хэмээн үзэж буй бололтой.

Хэрэв хариуцлага хүлээлгэж чадахгүй бол Бага хурал тарсан ч болно гэлцэж байна.

Үнэндээ мандат төдий сул дорой БАГА ХУРАЛ байснаас энэ нь ч дээр байж мэдэх л юм.