Нийтийн тээврийн 600 шинэ автобус авч байгаа ч хүртээмжгүй, иргэд гадаа удаан хүлээж зогсож байгаа байдал сүүлийн өдрүүдэд цахим хуудсанд хөврөх болсон. Тэгвэл энэхүү автобусны үйлчилгээний зохицуулалтын талаар НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах тайлбарыг хийлээ.
Тэрбээр “600 шинэ автобусаа бүгдийг хүлээн авч дуусаж байна. Шинэ автобуснуудын 115-ыг гурван хувийн байгууллагад өгсөн. Эдгээрийн төхөөрөмж суурилуулах, даатгалын ажил дуусаж байгаа.
Шинэ автобуснуудаас 130 орчим нь үйлчилгээнд гарахад бэлэн байна. Өмнө нь 400 автобус аваад эргэж огт төлөлт хийгдээгүй жишгийг хувийн ААН шаардаад байгаа юм. Тиймээс хувийн байгууллагуудаас барьцаа, үйлчилгээний хураамж авч автобуснуудаа долоон жилийн хугацаатай ашиглуулах юм. Мөн өмнөх өрөө төлөх шаардлага тавьсан.
Нийтийн Тээврийг Хөгжүүлэх Санд хувийн компанид өгсөн саарал автобуснуудаас жил бүр 25 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ.
Дахин хоёр хувийн компани автобус авах хэлцэл хийх гэж байна.
Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээнд 980 автобус гарах ёстойгоос 880 нь гарсан. 100 гаруй автобусыг ямар нэг байдлаар үйлчилгээнд гаргахгүй байна. Жолооч олдохгүй зэрэг зовлон байна.
Дүүргүүдийн хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсүүдэд автобусны жолоочийг үнэ төлбөргүй сургах сургалт зохион байгуулна” гэлээ.