Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Япон улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ирсэн ноён Игавахара Масарүг хүлээж авч уулзлаа.
Уулзалтын эхэнд С.Чинзориг сайд “Өмнөх Элчин сайд Кобаяши Хироюки нутаг буцахынхаа өмнө надтай уулзахдаа шинээр ирэх Элчин сайдын тухай Японы Гадаад харилцааны яаманд Монголын асуудлыг, түүнчлэн Хөгжлийн албан ёсны туслалцааны асуудал зэрэг чухал албан тушаал хашиж байсан арвин туршлагатай хүн ирнэ гэж байсан юм” гээд Элчин сайд Игавахара Масарүд Монгол Улсад ажиллахаар ирсэнд талархал илэрхийлж шинэ албанд нь амжилт хүслээ.
Тэрбээр “Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин, шинэ утга агуулгаар баяжин хөгжиж буйд талархалтай байна. Ялангуяа энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэлийн өндөр түвшинд хүрч хөгжиж буй энэ үед хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө идэвхтэй хамтран ажиллаж байгаа билээ.
Монголын ард түмэн Японы Засгийн газар, ард түмэнд гүн талархалтай, хүндэтгэлтэй ханддаг. 1990-ээд оны эхэнд монголчууд ардчилал, зах зээлийн нийгмийг сонгож улс орны эдийн засаг, ард түмний амьжиргааны түвшин маш хүнд байхад Япон улсын Засгийн газар, Японы ард түмэн хамгийн түрүүнд гар сунган тусалж донор орнуудыг манлайлсан.
Монгол Улсын Засгийн газар 2023 оны хоёрдугаар сарын 14-нд буюу одоогоос нэг жилийн өмнө Ковид-19 цар тахлын онцгой дэглэмийг цуцалсан. Сүүлийн гурван жилд дэлхий нийтээр тархсан коронавируст цар тахлыг хохирол багатай даван туулахад Япон улсын үзүүлсэн туслалцаа дэмжлэг асар их бөгөөд цар тахлаас үүдэлтэй хямралыг арилгахад ч манай улсын эрүүл мэндийн салбарт цаг үеэ олсон, нэн чухал хэрэгцээ, шаардлагатай буцалтгүй тусламжийн олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэнд талархаж байна” гэсэн юм.
2020 онд цар тахлын үед Япон улсаас манай улсад “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн хөтөлбөр”-ийн хүрээнд 1,0 тэрбум иенийн санхүүжилт бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл нийлүүлэх төслийн бус буцалтгүй тусламж, 883 сая иенийн санхүүжилт бүхий “Ковид-19 халдварт цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх хөтөлбөр”-ийг тус тус амжилттай хэрэгжүүлж, хүн амыг вакцинжуулах үйл ажиллагааг дэмжиж 21.6 сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгож, манайд нэн шаардлагатай хүйтэн хэлхээний дэд бүтцийг сайжруулж, вакцин худалдан авахад дэмжлэг үзүүлсэн нь коронавирусийн халдварт цар тахлыг хохирол багатай даван туулахад ихээхэн дэмжлэг болсныг Эрүүл мэндийн сайд яриандаа онцлон дурдсан.
Мөн Элчин сайдад Монгол Улсад зүрх судасны шшалтгаант өвчлөл их байгаа тул Зүрх судасны төвтэй болох нэн шаардлагатай байгаа бөгөөд Засгийн газраас энэ төвийг байгуулах инженерийн дэд бүтцийн санхүүжилтэд зориулан энэ оны улсын төсөвт 10 тэрбум төгрөг төсөвлөснийг дуулгаад төв барихад санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгаа тул анхаарч туслахыг хүслээ. Мөн эрүүл мэндийн салбарын менежментийг сайжруулах, үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх, эмчилгээ, оношилгооны шинэ технологи нэвтрүүлэхэд Япон улсаас сурах зүйл их байгааг хэлсэн.
Игавараха Масарү Элчин сайд Монгол Улсад ажиллахаар ирсэндээ тун их баяртай байгаа гээд Монголд анх 1988 онд ирж байв. Түүнээс хойш 1991 онд Японы Ерөнхий сайд Т.Кайфүгийн айлчлалын бэлтгэл хангах багт ажиллаж, мөн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох зэрэг ажлаар болон хувиараа арав гаруй удаа ирсэн гээд “Монгол Улсын ёс заншил, түүх соёл, нийгэм, улс төр, аж амьдралын талаар сонирхож уншиж судалсан зүйл арвин, гагцхүү Кобаяши Элчин сайд шиг монголоор сайн ярьж чаддаггүй минь миний дутагдал байх” хэмээн хошигнож байсан.
Тэрбээр хоёр улсын харилцааны талаар Эрүүл мэндийн сайдтай санал солилцохын зэрэгцээ Япон улсын Засгийн газар энэ санхүүгийн жилд Монголд 1.8 сая ам.долларын санхүүжилтээр гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах болон үерийн ус зайлуулах тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлыг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан хэрэгжүүлэхээр болсныг дуулгалаа.
Энэ нь өнгөрсөн зун нийслэлд орсон хүчтэй борооны улмаас болсон үерийн гамшгийн үед гэр хорооллын айл өрхийн ил задгай ариун цэврийн байгууламж халдварт өвчин тархах эрсдэлийг дагуулж байсан нь энэ шийдвэрийг гаргахад нөлөөлсөн гэж байлаа.
Мөн энэ Япон улсаас Монголд нийлүүлж буй явуулын амбулаторийн 4 машиныг хүлээлгэж өгөх товыг тогтлоо.