Засгийн газраас боловсруулсан Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжиж “Бизнесийн сэргэлт” хөтөлбөрийг МҮХАҮТ-аас боловсруулжээ. Үүний эхлэл болгож 10000 залуусыг Бизнесийн сургалтад хамруулах хөтөлбөрийг эхлүүлж байгаагаа өнөөдөр зарлалаа.
Өмнө нь ажилгүйдлийн талаар ярихдаа мэргэжил, ур чадварын хомсдлын талаар ярьдаг байсан бол өнөөдөр ажиллах хүчний тооны хомсдолд орж байгаа нь ААН-үүдэд мэдрэгдэх болсон. Энэ нь нэг талаараа төрөөс явуулж буй халамжийн хавтгайрсан бодлоготой холбоотойг ОУ-ын байгууллагуудын судалгаа харуулж буй. Лоринет сангаас хийсэн судалгаагаар гэхэд 15-29 насны залуучуудын 52 хувь нь ажил хөдөлмөр эрхлэх сонирхолгүй, ирээдүйн зорилгогүй, ирээдүйдээ итгэлгүй байгаа дүн гарчээ. Тодруулбал, залуус аав ээж, эмээ өвөөгийнхөө тэтгэвэр болон төрөөс өгч буй халамж тэтгэмжид найдаж амьдарч байгааг энэхүү судалгаагаар ил болгосон.
Иймд МҮХАҮТ-аас залуучууддаа бизнес эрхлэх урам зориг өгөх, ЖДБ эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, цаашилбал ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах олон улсын туршлагыг багтаасан хөтөлбөр боловсруулсан байна.
Хөтөлбөр 3 үе шаттай. ОУ-ын Бизнесийн магистрын /MBA program/ хөтөлбөрийн нэг жилийн сургалт дунджаар 30 сая төгрөг байдаг. Тэгвэл үүнтэй дүйцэхүйц мэдлэгийг богино хугацаанд олгох сургалтын P-MBA /Personal MBA/ хөтөлбөрөөр 10,000 залуусыг эхний ээлжинд сургах ба таван мянгыг Улаанбаатар хотоос, таван мянгыг нь хөдөө орон нутгаас /5 бүсээс/ сонгон суралцуулна. Амжилттай суралцсан 1000 хүнийг БНЭУ, Малайз, Филиппин, Сингапур, зэрэг улсад бизнесийн аялал, дадлагын сургалтад хамруулах бол тэднээсээ 100 суралцагчийг сонгон шалгаруулж, улмаар гарааны бизнес эрхлэх санхүүгийн боломж, үүд хаалгыг нээж өгөх юм. Одоогоор БНЭУ-ын ЗГ-ын /ITEC/ Айтек хөтөлбөрийн хүрээнд 15-29 насныханд зориулсан тусгай хөтөлбөрийг Энэтхэгийн ЭСЯ, ЗГ-тай хамтран боловсруулж, эхний ээлжинд 50 хүнийг суралцуулахаар ярьж тохироод байна. Сургалтын бүртгэл эхний ээлжинд ирэх долоо хоногт Улаанбаатар хотод эхлэх бөгөөд дүүргүүд дээр бүртгэлийн цэг ажиллах юм.
Түүнчлэн ЖДҮ-ийн 500 тоног төхөөрөмжийн үзэсгэлэн экспог БНХАУ-ын талтай хамтран удахгүй Монголд зохион байгуулах бөгөөд МҮХАҮТ-ын Судалгааны институтээс Монголын 100 жижиг бизнесийн салбарын зах зээлийн судалгааг хийж танилцуулснаар ямар чиглэлд ЖДҮ эрхлэх боломж байгаа, тоног төхөөрөмж нь ямар үнэ ханштай зэрэг мэдээллийг нэгтгэн харж, цаашлаад энэ үзэсгэлэнд тавигдсан тоног төхөөрөмжийг худалдаж авах, Хятадын банкны зээл тусламжаар авах боломжийг бүрдүүлэхээр ярилцаж байгаа юм байна
Хэвлэлийн хуралд МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, Дэд захирал Ц.Магнайбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, Бизнес академийн захирал Д.Асралт нар оролцлоо.