Өдөр тутамдаа хоол хүнснээс авах илчлэгээ тооцох нь эрүүл мэндийн хувьд онцгой ач холбогдолтой. Илүүдэл илчлэгээ идэвхтэй хөдөлгөөнөөр шатааж, авах ёстой шим тэжээлээ орхигдуулахгүйгээр илчлэгийн тэнцвэрийг хадгалах нь хамгийн чухал. Идсэн бол хөдөлж, эрч хүчээ зөв хуваарилан, эрүүл жиндээ хүрэхийг ЭМЯ зөвлөв.
Хүн өглөөний цайгаар дамжуулан биед нэн шаардлагатай шим тэжээлээ авч байдаг. Өглөө зайлшгүй авах ёстой илчлэгээ аваагүйгээс болоод оройн цагаар хооллох дуршил нэмэгдэж, энэ нь буруу хооллолт, таргалалт болон эрсдэлд хүргэж, бусад өвчлөлийн суурь тавих үр дагавартай аж.
Эрүүл хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?
Эрүүл амьдралын хэв маягтай, сэтгэл санаа эрүүл, илүүдэл жингүй хүнийг эрүүл гэж хэлнэ. Илүүдэл жин нь судас хатуурах эмгэг, чихрийн шижин өвчинтэй болох том шалтгаан. Жингээ хасах хамгийн энгийн хоёр арга нь зөв хооллох, тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг эмч нар зөвлөж байна.
Өөх тос, нүүрс ус ихээр агуулсан, илчлэг өндөртэй хоолыг ор тас хориглох бус тэнцвэртэй хүртэх нь чухал.
Жишээлбэл хуушуур илчлэг өндөр учир ногооны салат, хачир зэрэг шингэц сайтай хүнстэй хослуулж идвэл зохистой.
Давс хужир нь таарсан, тос даасан цуйван хэдий идэхэд сайхан ч илчлэг өндөртэй байдаг. Тиймээс ийм төрлийн хоол идсэн үедээ илүүдэл илчлэг биед өөх, тос болон хуримтлагдахаас сэргийлж, дасгал хөдөлгөөн хийж хэвшихийг зөвлөж байна.
Нийслэл салат нь илчлэг өндөртэй, өег тул нэг дор их хэмжээгээр идэхээс зайлсхийгээрэй. Мөн орц найрлагадаа амархан муудах хүнс ихээр агуулдаг учраас хонуулж хэрэглэлгүй, шинэхнээр нь идэхийг зөвлөж байна.
2019 онд хийгдсэн судалгаагаар манай улсын 15-69 насны иргэдийн дунд 65% нь илүүдэл жинтэй. Үүнээс 49.4% нь илүүдэл жинтэй, 18.5% нь хэт таргалалттай байна гэсэн дүгнэлт гарчээ.