Умайн хүзүүний хэвийн эсүүдэд өөрчлөлт орж хавдар үүсэхийг умайн хүзүүний хавдар гэнэ. Хүний Папиллома Вирус буюу HPV нь умайн хүзүүний хорт хавдрын голлох шалтгаан болдог. HPV-ийн халдвараас сэргийлэх вакцин тариулах болон ойр ойрхон эмчийн үзлэгт орсноор энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
Папиллома вирус бол хүний ханиад томуу үүсгэдэг вирусийн адил хамгийн түгээмэл вирусын нэг. Эрэгтэй, эмэгтэй хэнд ч халдаж болдог. Ялангуяа залуу эмэгтэйчүүдээс ихэнхээс нь илэрдэг. Тиймээс, папиллома вирус халдсан л бол умайн хүзүүний хавдар тусна гэдэг нь буруу ойлголт. Энэхүү вирус нь заавал бэлгийн замаар халддаггүй. Арьснаас арьсанд ч халдаж болдог. Хамгийн гол нь тухайн хүний биед өөрт нь хавдар үүсэхэд нөлөөлж байгаа бусад хүчин зүйлс байгаа эсэх чухал нөлөөтэй.
- Олон бэлгийн хавьтагчтай байх – Олон хавьтагчтай байх нь HPV халдвар авах магадлалыг нэмэгдүүлнэ.
- Бэлгийн хавьталд эрт орох – HPV халдвар авах магадлал залуу байх тусам өндөр байдаг.
- Бусад бэлгийн замын халдварт өвчин –ХДХВ, хламид, заг хүйтэн зэргийн БЗХӨ туссан бол HPV вирусийн халдвар авч болно.
- Дархлаа муудах
- Тамхи татах – Тамхи нь эсүүдийг өөрчлөлтөд оруулж хавдар үүсгэдэг.
Шинж тэмдэг
Хавдрын эхэн үед шинж тэмдэг илрэхгүй боловч хүндрэх тусам дараах байдлаар зовиур ажиглагадана.
- Бэлгийн харьцааны дараа цус гарах
- Сарын тэмдгийн бус үеэр цус гарах
- Усархаг эсвэл цустай зүйл гарах
- Бэлгийн харьцааны үеэр аарцаг өвдөх
Урьдчилан сэргийлэлт
- HPV халдвар авахаас сэргийлэх вакцин хийлгэх, охидыг бэлгийн харьцаанд орохоос нь өмнө папиллама вирусийн вакцин хийж байна. Ингэснээр насан туршдаа умайн хүзүүний хорт хавдраар өвдөхгүй байх боломжтой гэж үзэж байна.
- Мазокны шинжилгээ ойр ойрхон өгөх – 21 нас хүрснээс хойш жил бүр мазокны шинжилгээ өгч хэвшээрэй.
- Бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэж БЗХӨ – ний халдвар авахгүй байх
- Тамхи татахгүй байх – Тамхи нь эсүүдэд өөрчлөлт оруулж хавдар үүсгэдэг
- Бэлгийн хамтрагчдаа үнэнч байх