Нийслэлийн хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай хил дамжин халдварладаг гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглосон. Сүүлийн үед хариулгагүй мал нийслэлд ихээр орж ирэх болсон билээ. Үүнтэй холбоотойгоор НИТХ-аас мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг тогтоож, мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журмыг баталлаа.
Хориглосон бүсэд хариулгагүй нэвтэрсэн малыг илрүүлэх, иргэдээс мэдээлэл авах ажлыг дүүргийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулах аж. Улмаар хөдөлгөөнт эргүүл болон гэрээт ажилтан ажиллаж, цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.
Дүүргийн цагдаагийн газар, хэлтэс нь хориглосон бүсэд хариулгагүй нэвтэрсэн малын эзэмшигч, өмчлөгчид хуулийн хариуцлага хүлээлгэхээр журамд тусгажээ.
Малын эзэмшигч, өмчлөгчийг тогтоох хүртэл түр хадгалах байранд байлгана. Малын түр хадгалах хашааг малын эмч, малчин, харуул хамгаалалтын ажилтан зэрэг шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлсэн хуулийн этгээд хариуцан ажиллуулах аж. Мөн шаардагдах тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байхаас гадна мал маллах, туух, тээвэрлэх, харуул хамгаалалтын ажилтантай байх шаардлагыг тавьжээ. Түр хадгалсан малыг өвс, тэжээл, усаар хангаж, малын эмчид үзүүлэх зэргээр шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх юм байна.
Товчхондоо, эзэмшигчийг тогтоох хүртэлх хугацаанд малын бүрэн бүтэн байдлыг хариуцаж, маллаж, нормын дагуу ус, өвс, тэжээл өгч, тухай бүрт нь бүртгэнэ.
Малыг өмчлөгч, эзэмшигчид нь хүлээлгэн өгөхдөө тухайн малыг түр хадгалахтай холбогдон гарсан зардал болох
• Туусан, тээвэрлэсэн зардал
• Өвс, тэжээл, ус арчилгаа, маллагааны зардал
• Мал эмнэлгийн ажил үйлчилгээний зардал
• Бусад зардлыг төлүүлэхээр журамлажээ.
Энэ журмын үйлчлэлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн ёслолын үйл ажиллагаанд ашиглаж байгаа болон цирк, сургалт, спорт, амьтны хүрээлэнгийн мал хамаарахгүй аж