“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас иргэдийн эзэмшиж буй 1072 хувьцааны 2022 оны ногдол ашиг болох 116 мянган төгрөгийг Сар шиний баярын өмнө тараасан.

Тэгвэл 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөг буюу 1.072 хувьцаа эзэмшигч иргэн бүрд 285.000 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн.  Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллэхдээ “Компанид онцгой дэглэм тогтоож, олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулснаар үйл ажиллагаа эрс сайжирч, 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, ногдол ашиг тараах боломж бүрдлээ. Ингэснээр 1,072 хувьцаатай Монгол улсын иргэн 285 мянган төгрөгийн (татвар суутгасны дараа 256 мянган төгрөг) ногдол ашиг хүртэхээр боллоо. Тус ногдол ашгийг санхүүгийн тайлан аудитлагдсаны дараа буюу 2024 оны 4 сард олгоно” гэсэн юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Ногдол ашгийн татварын дараах дүн буюу 256,000 төгрөгийг 2024 оны гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 8-ны хооронд багтаан олгоно” хэмээн мэдэгдсэн юм.

2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.