Улсын хэмжээнд хоёрдугаар сард 237,615 зөрчлийн хэрэг бүртгэгдсэнээс 72 хувь нь нийслэлд, 27.9 хувь нь орон нутагт гарсан байна.

Нэгдүгээр сартай харьцуулахад зөрчлийн хэрэг 4.4 хувиар буурчээ.

Эдгээр зөрчлийн хэргийн 95.6 хувийг цагдаагийн байгууллага шалган шийдвэрлэжээ. Түүнчлэн

  • 0.07 хувийг Гадаадын Иргэн, Харьяатын Газар
  • 0.06 хувийг татварын байгууллага
  • 0.05 хувийг гаалийн байгууллага
  • 0.01 хувийг Онцгой байдлын газар
  • дөрвөн хувийг нь бусад байгууллагаас шалгаж, шийдвэрлэсэн байна.

Өнгөрсөн сард 512 хуулийн этгээд, 225,759 хүн Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээсэн байна. Үүнээс 77.7 хувь нь эрэгтэй, 22.2 хувь нь эмэгтэй, 64.2 хувь нь 26-45 насныхан байгаа юм.

Зөрчлийн хэргийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 25.9 тэрбум төгрөгийн хохирол учирч, үүнээс 1.7 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ.

Хоёрдугаар сард гэр бүлийн хүчирхийлэл, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зэрэг зонхилон үйлдэгддэг зөрчлийн хэргүүдийн гаралт буурсан байна. Тодруулбал:

  • Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн зөрчил 60.5 хувь
  • Хулгайлах зөрчил 29.2 хувь
  • Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан зөрчил 18 хувь
  • Гэр бүлийн харилцаатай хүнийг зодсон зөрчил 12.2 хувь
  • Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 15.7 хувь
  • Олон нийтийн газарт, эсхүл орон байранд хэрүүл маргаан үүсгэж танхайрсан зөрчил 12.3 хувь
  • Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн зөрчил 9.2 хувиар тус тус буурчээ.