Зугаа цэнгэл, найр наадмын цаг шувтарч, эрийн сайн эрдмийн бяртайдаа томилогдсон мэт эрхэм гишүүд маань ярвайж, янтайлдсаар цугларах цаг хаяанд ирлээ.

Г.Занданшатарын анги 73 гишүүнтэй.

Хуулиар 76 байх заалттай бөгөөд хэрэв суудал эзгүйрсэн бол нөхөн сонгууль зарлан нөхөх эрх зүйн зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Энэ парламент дахь суудал эзгүйрсэн гурван гишүүний хоёрыг хүчээр, нэг нь өөрийн хүсэлтээр мултарсан.

Ж.Мөнхбат гишүүн “Ээжийгээ эмчлүүлнэ” гэх шалтгаанаар өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзчихаад байгаа. Түүний хувьд энэ нь анхных биш. 2012 онд Г.Баярсайханд нударганы амт үзүүлээд төд удалгүй “Эхнэрээ эмчлүүлэх” шалтгаанаар УИХ-ын гишүүний тэмдгээ орхиод гарч байсныг уншигчид мартаагүй байх. Тэр энэ удаад нүүрсний гэх хэрэгт нэр холбогдсоныхоо дараахан арван жилийн өмнөх шигээ шалтаг хэлээд холдсон нь олон нийтэд таатай байсангүй.

Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарыг нүүрсний гэх хэргээр прокурорын байгууллагаас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт гаргаснаар ангийнхан нь уухайлах нь халаг дэмжин кноп дараад, прокурорт хөтлүүлээд гаргачихсан.

Харин тэдэнтэй хамтдаа орж ирсэн ч Н.Наранбаатарыгаа сугалж авч үлдсэн Г.Занданшатарын парламентаас намрын чуулган эхэлмэгц дахин 3 гишүүний нэрийг прокурорын байгууллагаас УИХ-д өргөн барихаар зэхэж байгаа гэх мэдээлэл ойрын өдрүүдийн улстөрийн сонин хачин болж байна.

УИХ-ын тухай хуульд хугацаанаас өмнө бүрэн эрх нь түдгэлзсэн, түдгэлзүүлсэн гишүүдийн оронд нөхөн сонгууль явуулах заалттай.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.9-т УИХ нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө, нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана гэж бий. Тэгэхээр УИХ-ын ээлжит сонгуулиас өмнө нөхөн сонгууль зохион байгуулах шаардлага эрх зүйн хувьд үүсээд байгаа гэсэн үг.

Харин гурван сар хүрэхтэй, үгүйтэй хугацаанд УИХ-ын танхимд суух хүн олдох эсэх нь юу л бол. Яахав, олон нийтийн дунд “цүнх баригч”, “суганы үс” гэгдэн чичлэгддэг нөхдөөс үзүүлэнгийн материал шиг гаргаж ирэх нь ирэх л байх.

Энэ тохиолдолд намрын чуулганаар нөхөн сонгуулийн товыг зарлах нь нэн тэргүүний асуудал болж хувирах биз.

Тэрчлэн намрын чуулганаар хянан шалгах түр хороо нүүрсний гэх тодотголтой хэргээр сонсгол зохион байгуулна хэмээн хаврын чуулганы хаалтын үеэр Г.Занданшатар ам алдсаныг энэ зуурт мартаж болохгүй юм. Энэ нь Архангай, Өмнөговь аймаг болон Чингэлтэй дүүргээс өөр тойрогт ч нөхөн сонгууль явуулах шаардлага үүсч болзошгүйг анхааруулсан хэрэг явдал байж мэдэх.

Гэхдээ 2018 онд хүчингийн хэрэгт холбогдож, өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн Д.Гантулгын суудал эзэнгүй байсаар парламентын бүрэн эрх дуусгавар болж, дараагийнх нь тангараг өргөсөн ойрын жишээ бийг энд саная.

Тухайн үед Хэнтийн 42 дугаар тойрог парламентад төлөөлөлгүй болж, УИХ-аас хуулийн дагуу 62 дугаар тогтоол гээчийг гаргаж нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2018.10.07-нд товлож байв.

Гэвч тус тогтоол сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч тухайн оны нэгдүгээр сарын 1-нээс ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байх тухай хуулийн заалтыг зөрчсөн буюу зарим иргэдийн сонгогдох эрхэд халдсан гэдэг үндэслэлээр Үндсэн хуулийн Цэцийн хаалга мөргөсөн.

Үүнтэй зэрэгцэн Аудитын дээд байгууллага сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө тогтооно гэсэн заалтыг зөрчсөн гэх эсэргүүцэл газар авч байв.

Гэтэл эндээс үүссэн сонирхолтой факт нь Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргагч Хэнтий аймгийн Баянхутаг сумын II багийн иргэн С.Мөнхцэцэгийн асуудал байсныг эргэн сануулъя. Иргэн С.Мөнхцэцэг нь өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн жолоочийн хадам ээж нь болж таарч УИХ-ын чуулган дээр гишүүдийн дунд хэрүүлийн алим дэгдээж байв.

Гэсэн хэдий ч хэрүүл хэрүүлээрээ төгсөн, иргэний гомдлын мөрөөр Үндсэн хууль зөрчсөн нь үнэн байна аа хэмээгээд нөхөн сонгуулийг хойшлуулсан “арга заль” эрх баригчдад бий.

Улмаар Үндсэн хуулийн Цэцээс гаргасан үндэслэлүүдийг арилгах гэж УИХ он дамнан хэлэлцэж, энэ хооронд Г.Занданшатар УИХ-ын тэргүүлэх болов. Түүнчлэн Цэцийн гаргасан Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлүүдийг арилгаж дуустал Д.Ганхуяг тэргүүтэй хуульч, судлаачид Үндсэн хуулийн Цэцэд дахин гомдол гаргаж “Д.Гантулга хэдийгээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн ч гэм буруутай нь тогтоогдоогүй байхад УИХ шийдвэр гаргасан. Нөхөн сонгууль зарлахаар товлосон нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болсон. Тиймээс Д.Гантулгыг гэм буруутай, буруугүйг тодорхой болгосны дараа нөхөн сонгууль зохион байгуулах ёстой” гээд бүр бантагнуулсан.

Тэдний гомдлыг Цэц хэлэлцээд “Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчөөгүй” гэж үзсэн ч “Санал авах өдрийг сонгууль болохоос 180-аас доошгүй хоногийн өмнө тогтоох ёстой байтал УИХ Сонгуулийн хуулийг зөрчиж нөхөн сонгууль болохоос 148 хоногийн өмнө тогтоосон байна. Ингэснээр Үндсэн хуулийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн” хэмээн маргалдуулсаар эцэст нь Хэнтий аймгийн 42 дугаар тойрог парламент дахь төлөөлөлгүйгээр байсаар дараагийн сонгуультай золгож байв.

“Шаариг хаана байна, шаариг хаашаа орчихов” гэдэг луйврыг санагдуулам эл арга энэ удаад ч давтагдаж мэдэх л юм…