Монгол Улс бол мал аж ахуйн орон. Тэр дундаа нүүдлийн мал аж ахуйн. Гэтэл сүүлийн үед мал аж ахуйн салбар нь дэлхийн хэмжээнд хүлэмжийн хийн ялгаруулалтын томоохон эх үүсвэрүүдийн нэг болоод байна. Малаас, ялангуяа хивэгч мал болох үхэр, хонь, ямаа нь тэжээлээ боловсруулах явцдаа метан хий ихээр ялгаруулдаг нь судалгаагаар тогтоогджээ. Ман малын бууц, шээс нь азотын исэл болон метан хийг ялгаруулдаг байна. Монгол орны хүлэмжийн хийн ялгарлын 40 хувь нь хөдөө аж ахуйн салбараас үүдэлтэй. Товчхондоо, дэлхийн уур амьсгалд “сөрөг” өөрчлөлт оруулахад Монгол Улсын хувь нэмэр их хэмээн товчхон дүгнэж болох нь.
Гэхдээ Монголд хор нь ч, ерөндөг нь ч байдгийг Хөдөө аж ахуйн их сургуулийн танхимд “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл дэх бэлчээрийн мал аж ахуй эрхлэх арга технилогийг шинэчлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцсон судлаачид хэлж байлаа. Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид тогтоожээ.
Хуралд Монгол Улс, Швейцарь, Канад, БНХАУ-ын 40 орчим судлаач хүлэмжийн хийн ялгаралт, түүнийг бууруулах арга зам, бэлчээрийн монгол малын генетик нөөц, ашиглалт, хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, бэлчээрийн экосистемийн өөрчлөлт түүнд эерэг болоод сөрөг нөлөөлөл үзүүлж буй бэлчээрийн ургамал болон мал аж ахуй, мал аж ахуй эрхлэх арга туршлага, малчдын залгамж халаа, хөрсний органик нүүрстөрөгчийн шингээлт, тэжээлийн олон наст буурцагт ургамлыг тариалах туршлага, шинэ төрлийн тэжээлийн малын ашиг шимд үзүүлж буй нөлөө, малын гаралтай бүтээгдэхүүний чанар, үнэлгээ зэрэг өргөн сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлсэн юм.

Тухайлбал, Мал зүйч Б.Эрдэнэбаатар “Амьтны генетик нөөц болон бэлчээрийн биосистем болох нь: АСУУДАЛ БА ШИЙДЭЛ” илтгэлдээ “Малчид болон бэлчээр нь орон зай, цаг хугацааны хэмжүүрт гүн гүнзгий, дахин давтагдашгүй холбоотой” гэдгийг тодотгож, сүүлийн жилүүдэд ямааны эзлэх хувь 19.9 хувиас 43.4 хувь болж өссөн бол хоньны эзлэх хувь 53.7 хувиас 43.8 хувь болж, тэмжээний эзлэн жин 0.7 хувь болтлоо буурсаныг дурьдав.
Тэрбээр малчдын амьжиргаа болон бэлчээрийг хэрхэн хамгаалах, малын генетик нөөц бэлчээрт хэрхэн нөлөөлж байгааг судлах явдлыг илүүтэй онцолсон юм.
Т.Мөнхнасан илтгэлдээ бэлчээр болон мал аж ахуйн салбар нь шинжлэх ухааны түвшинд хангалттай үнэлэгдэхгүй байгааг онцлов. Scopus-д бүртгэлтэй нийт 70,903,586 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл бий ч үүний 2,658 нь буюу 0.1 хувь нь бэлчээр болон малчдыг хоёуланг нь дурдсан өгүүлэл байх жишээтэй аж. Энэ нь бэлчээрийн ач холбогдлыг дутуу үнэлж буйг харуулж байгаагийн илрэл хэмээлээ.
Дэлхий дахинд 500 сая гаруй малчин гэх судалгаа байдаг аж. Дэлхийн бэлчээрийн атлас дээр бэлчээр нь дэлхийн хуурай газрын гадаргуугийн 54 хувийг эзэлдэг.
Үүнд:
- Цөлийн бутлаг ургамал 34 хувь,
- Халуун орны бэлчээр 26 хувь
- Тундр 15 хувь
- Сэрүүн бүсийн хээр 13 хувьд багтана.
Монгол Улсын бэлчээр 2025 оны байдлаар 112.0 сая га талбайг эзэлж буй аж. Энэ нь дэлхийн хуурай газрын гадаргуугийн 0.7%, нийт бэлчээрийн 1.4 хувийг эзэлж байгаа үзүүлэлт гэдгийг тэрбээр илтгэлдээ онцлов. Гол нь бэлчээр, мал аж ахуйг дэмжих хүчтэй, үр ашигтай дэлхийн түншлэлийг бий болгох, бэлчээрийн ач холбогдол, ашиг тус, эрсдэлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, шилдэг туршлагыг баримтжуулах, бодлогын нөлөөлөл чухал төдийгүй ирэх арван жилд малчдын амьжиргааг дэмжих үндэсний болон олон улсын бодлогыг сурталчлан, бэлчээрийн менежментэд төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, өмнөх алдааг засаж, ирээдүйн төлөвлөлтийг сайжруулахад голлон анхаарах шаардлагатайг тэмдэглэсэн.
Монгол Улс өдгөө 67 сая толгой малтай ч ихэнх бүс нутагт бэлчээрийн даац хэтэрч, хөрс, бэлчээр талхлагдан, цөлжих явц эрчимжиж буй.
Эрдэмтдийн судалгаанаас онцлоход, Монгол орны бэлчээрийн ургамлын хүлэмжийн хийн шингээлт, ургамлын бодисын солилцооны хоёрдогч бүтээгдэхүүн болох сапонин, танин, флавоноид нь малын тэжээл боловсруулах замд үүсэж буй хүлэмжийн хийг бууруулахад онцгой нөлөө үзүүлдэг болохыг судлаачид тогтоожээ. Өөрөөр хэлбэл эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд бэлчээрийн ургамлын дасан зохицлын явцад үүссэн бүтээгдэхүүн нь бэлчээрийн буюу нүүдлийн мал аж ахуйгаас үүсэж буй хүлэмжийн хийг бууруулдаг, түүнчлэн бэлчээрийн ургамал өөрөө хүлэмжийн хийг шингээдэг зэрэг нь экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал үүрэгтэй гэдгийг баталжээ.

Тиймээс монголчуудын бэлчээрт суурилсан нүүдлийн соёл иргэншил, уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвар өндөр, хүнсний аюулгүй байдал, экосистемийн тэнцвэрийг хангах давуу чанартай гэдгийг судалгаагаар нотолсон байна.
Дэлхийн газар нутгийн тэн хагасыг хамардаг бэлчээрийн экосистем нь олон сая хүний амьжиргааны эх үүсвэр бөгөөд биологийн олон янз байдлыг дэмжихээс гадна уур амьсгалыг зохицуулах, хөрс хамгаалах зэрэг чухал үүрэгтэй.
Түүнчлэн нүүдлийн мал аж ахуйн уламжлалт аргаа хадгалж үлдэх нь чухал гэдгийг ХААИС-ийн Мал аж ахуйн биотехнилогийн сургуулийн захирал Д.Гүрбазар онцлов. Байгаль орчинтойгоо дасан зохицож ирсэн уламжлалт бэлчээрийн аж ахуйгаа олон нийтэд таниулан сурталчлах шаардлагатай байгааг ч тэрбээр онцлон тэмдэглэсэн юм. Мөн уламжлалт арга барилыг шинэчлэх гэхээр хашаалж, өмчлөх байдлаар хандах гэхээсээ бэлчээрээ хамгаалах, уламжлалт аргаа сэргээх шаардлагатай гэлээ.
Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2022 оны 76 дахь чуулганаар 2026 оныг “Бэлчээрийн ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарлаж, НҮБ-ын ХХААБ албан ёсоор хэрэгжүүлэхээр болсон. Үүний хүрээнд 2024 онд Засгийн газраас 2026 оныг бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн эрхлэгчдийн олон улсын жил болгон зарласан нь Монголын уламжлалт нүүдлийн мал аж ахуйн соёл, ахуйг дэлхий дахинд хүндэтгэн таниулж буй онцгой жил юм.
