Хотын дарга Х.Нямбаатар дулааны станц барих газар олгох Засгийн газрын шийдвэрийг Эдийн засгийн сайд Ч.Хүрэлбаатарыг зогсоосон гэж мэдэгдэж байна. Өнөөх нь би тэгж эд нар шиг шалчигнахгүй, манай яам Эрчим хүчийг хариуцдаггүй. Тийм асуудал ч орж ирээгүй гэж мэдэгдлээ. Б.Чойжилсүрэнгээ далжийтал ёворч байна. Тэр нөхөр юу ч хийхгүй байгаа гэж хэлж байна. Нөгөө талаар Х.Нямбаатарыг битгий шалчигна гэж мөн хэллээ.
Аа, бас өөрөө Эрчим хүчний яамыг хариуцаж байсан бол шалчигнахгүйгээр станц ч барьчихаж мэдэхээр агуулга ойлгогдох үгийг хэлж. Баавартай байна даа.
Улаанбаатар хот цахилгааны хязгаарлалттай өвөлжөөд, баруун аймгууд үйлдвэрийн хүрд эргүүлэх станцгүй байхад, манай дарга нар ингэж толхилцож суугаа нь хувь заяаны шоглоом л юм уу даа.
Ч.Хүрэлбаатарт өөрт нь шалчигналгүй хийх ажил их байгаа юм. Шадар сайд С.Амарсайханы үед Хятадын талтай гэрээ хэлэлцээр нь хийгдээд овоо урагштай явж байсан Замын-Үүд чөлөөт бүсийн ажил, мань сайд руу шилжээд таг зогсчихлоо. Хятадын талаас энэ ажлаа явуулъя гээд байгаа сурагтай. Энэ мэтээр гадаадын хөрөнгө оруулалтаа татах ажил түүнд их л баймаар.
Х.Нямбаатарын хэлээд байгаа дулааны станцыг барих мөнгийг хөрөнгө оруулалтаар татаач Хүрэлээ сайдаа…
Өөрөө, Эдийн засгийн сайд юм чинь энэ улсыг юугаар тэтгэхийг мэдэж байгаа.
Тэгээд өөртэйгөө хамт дөрөв тав сонгогдсон хувьдаа байшин бариад, цемент зуураад, өөрсдөдөө үйлдвэр бариад, улсад юугаар ч, тэр тусмаа үйлдвэрлэлийн агуулгаар юу ч хийхгүй байгаа сайд найзууддаа “Хувийнхаа хөрөнгөөр ганц станц барьчхаач ээ, улсдаа буян болооч ээ. Станц чинь барилгын компанийн чинь адил, цементийн үйлдвэрийн чинь адил өөрт чинь л үлдэнэ. Чиний хөрөнгө хэдэн станц барьчихаар байна шүү дээ” гээд эдийн засаг мэддэг хүн шиг хэлээд өгөөч ээ.
Ч.Хүрэлбаатарт найзууддаа шалчигналгүй хэлчихмээр үгс энэ мэт маш их бий дээ…
Үгүй ээ бас, өөрийг чинь байнга яриад байгаа аймгийн чинь, Увсын чинь ИТХ-ын дарга Ц.Батболдод хариу өг л дөө. Шалчигнаад бай л гээд суугаад байх юм.
Б.ГАРЬД
Amlalt.mn