Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 4 дүгээр сарын 8-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 156 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 25 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 121 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 837 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 3 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 3 хэргийг нэгтгэх, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 819 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт 15 объектод нэгжлэг хийх мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Үүнд
- Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч “Ж” нь бусдаас хахууль авсан гэх
- Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даамал “Г” нь өөртөө давуу байдал бий болгосон гэх
- Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга “Ц” нь бусдад давуу байдал бий болгож орон нутгийн төсөвт хохирол учруулсан гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.