Засгийн газрын хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан шинжлэх ухаан, технологийн бодлого, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх чиглэлээр тусгагдсан зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдэхийн зэрэгцээ шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүргийн хуваарилалтыг оновчтой тогтоож, удирдлага, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх замаар шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тогтолцоог системтэйгээр бүрдүүлж, нийгэм, эдийн засаг, хүний амьдралын чанарын үзүүлэлт дээшилж, дэвшил гарна гэж дүгнэж буй юм.

Үүнтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хөгжил дэвшилд хүрч чадаагүй, өрсөлдөх чадвар нэмэгдээгүй, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн бидний хүссэн хэмжээнд хүрээгүй, өнөөөдөр ажилгүйдэл ядуурал Улаанбаатар хотын утаа түгжрэлийн асуудал, Монгол хүн нэг цаг хамгийн бага бүтээмжтэй ард түмэн багатай болсон шалтгаан нь шинжлэх ухаантай холбоотой. Иймээс Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 6 бодлогын хүрээнд Ерөнхий сайд анх удаа шинжлэх ухааны технологийн үндэсний зөвлөлийг даргалдаг болсон. Цаашид Монгол Улс шинжлэх ухаан, инновацид тулгуурлаж хөгжих гарц байгаа. Үүнээс өөр сонголт байхгүй.

Үндсэн хуулийн 38.2-т Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхэд Засгийн газар шинжлэх ухаан технологийн нэгдсэн бодлогоо УИХ-аар батлуулж дараа нь улсын эдийн засаг нийгмийн хөгжлөө батлуулах ёстой улс юм байна. Харамсалтай нь, Үндсэн хуулийн заалтаа 1990 оноос хойшхи бүх Засгийн газар үүнийгээ биелүүлж чадаагүй алдаа завхарлууд гарсан учраас магадгүй өнөөдөр шинжлэх ухааны хөгжилд бий болсон инноваци, шинэ мэдлэгүүдийг эдийн засагтаа бид шингээж чадаагүй тул эдийн засаг өрсөлдөх чадваргүй болсон” гэв.