Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг танилцуулжээ.
Монгол Улсын нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг шинэчлэх танилцуулгатай холбоотойгоор нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг өөрчлөн зохион байгуулах, нийслэл, зарим аймгийн чиг үүргийг хотод шилжүүлэх асуудлаар холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулахаар тогтлоо.
Мөн нийслэл хотын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, бие даан хөгжих баталгаагаар хангах хүрээнд хотын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор боловсруулсан хууль тогтоомжийн төслүүдийг энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгожээ.
Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай, Төр, хувийн хэвшлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг боловсруулаад байна.
Шинэ Зуунмод хот нь амралт, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээ, засаг захиргаа, оюутны хотхон, судалгаа, шинжилгээ, тээвэр, логистик, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын карго зэрэг найман бүстэй байхаар хөгжлийн төлөвлөгөөнд тусгажээ.
Хэлэлцсэн асуудлын талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Нийслэлийн есөн дүүргээс Багануур, Багахангай, Налайх алслагдсан дүүрэг. 2014 онд эдгээр дүүрэгт захирагчийн сонгууль явуулж, дагуул хот болгох эхлэлийг тавьж байсан.
Харамсалтай нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг шилжүүлэх Үндсэн хуулийн эрх зүйн орчин бүрдээгүй байсан учир захирагч гэдэг албан тушаалтныг нэлээд улс төржилт өндөртэйгөөр сонгож, 2016 оны сонгуулийн дараа татан буулгасан.
Аливаа хотод нутаг дэвсгэр, татвар төвлөрүүлэх, хөгжлийн бодлого, төлөвлөлтөө тодорхойлох, өмчөө захиран зарцуулах эрх гэдэг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хадгалагддаг чиг үүргүүдийг тосгон гэдэг байгууллагад шилжүүлэх боломжгүй гэж үзэж, 2019 онд Үндсэн хуульд оруулсан.
Үндсэн хуульд оруулсан энэхүү нэмэлт өөрчлөлтийг амилуулахаар Б.Дэлгэрсайхан сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж байна. Ажлын хэсэгт миний бие болон Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг багтсан.
Ерөнхий сайдын зүгээс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэлт хийх хуулийг боловсруулах үүрэг, чиглэлийг авлаа. Ингэснээр Налайх, Багахангай, Багануур дүүрэг дагуул хот байдлаар хөгжих эрх зүйн үндэс бүрдэнэ.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад Төв аймгийн нутаг дэвсгэр дээр “Шинэ зуун мод” хотын эрхзүйн байдлын хуулийг хамт өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна.
“Шинэ зуун мод” хотод орсон орлогын 20 хувийг Төв аймагт, 80 хувийг Улаанбаатар хотын хөгжилд зарцуулна. 150,000 хүний суурьшил бүхий хотыг байгуулах хуулийг хамт өргөн барина” гэлээ.