Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр (2024.04.17) Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Тус хуулийн төсөл нь 8 бүлэг, 29 зүйлтэй бөгөөд худалдаа, аж үйлдвэрийн танхимын бүтэц, тогтолцоог сайжруулах, чиг үүргийг шинээр тодорхойлох, санхүүгийн бие даасан байдлыг хангахтай холбоотой зохицуулалтыг тусгасан.
Худалдаа, аж үйлдвэрийн танхимын бүтэц, зохион байгуулалт, түүний бүрэн эрх тодорхой болсноор аж ахуй эрхлэгчид эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, хамтын удирдлагын байгууллагаар дамжуулан дуу хоолойгоо төр болон олон нийтэд хүргэх боломж бололцоо нэмэгдэнэ.
Хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хууль болон хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлалын дагуу боловсруулсан бөгөөд хэрэгжилтийн үр дагаврын судалгаа, хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ болон хуулийн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог тус тус хийж, холбогдох саналыг хуулийн төсөлд тусгасан байна.
Түүнчлэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Унгар Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимын эрх зүйн байдлыг зохицуулсан хууль тогтоомжийг харьцуулан судалж, олон улсын жишиг зохицуулалтыг харгалзан Монгол Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн бүтэц, зохицуулах асуудлуудын цар хүрээг тодорхойлж, Монгол Улсын эдийн засаг болон гадаад, дотоод худалдаа, хүн ам зүйн тархалт, аж ахуй эрхлэгчдийн төвлөрөлт, тэдгээрийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой холбоодын үйл ажиллагааны үр дүнтэй байдал, аж ахуй эрхлэгчдэд дутмаг байгаа санхүүжилтийн төдийгүй техник, боловсон хүчний нөхцөл байдал зэрэгт тулгуурлан хуулийн төслийг боловсруулсан байна.