Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд оролцохдоо хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Шинэ хоршоо үндэсний хөдөлгөөний нээлтэд оролцогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Тавтай сайхан хаваржиж байна уу.
Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас “Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, “Монгол улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолоор баталсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай“, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, ШИНЭ ХОРШОО ХӨДӨЛГӨӨН зэрэг урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын зорилт үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Ялангуяа бэлчээрийн мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, малчдад учирсан эрсдэлийг бууруулах арга хэмжээг онцгой журмаар шийдвэрлэх харилцааг зохицуулсан “Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль батлагдсантай холбогдуулан малчны амьжиргааг дэмжих “ШИНЭ ХОРШОО ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН”-ийг орон даяар хэрэгжүүлэх бэлтгэл ханган ажиллаж байна.
Улсын хэмжээнд 2024 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн байдлаар нийт 6.9 сая толгой буюу оны эхний нийт малын 10.7 хувь хорогдсон, нийт малынхаа 70-аас дээш хувийг хорогдуулсан 4816, огт малгүй болсон 509 малчин өрх байна.
Иймд байгаль, цаг уурын өөрчлөлтөөс үүдэн бий болж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор малчдын хоршоодыг төрөөс дэмжиж мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” арга хэмжээг Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж байгаад талархалтай байна.
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 30.8 хувийг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар бүрдүүлж байгаагийн 10.2 хувь нь хөдөө аж ахуйн салбар салбарт ноогдож, ажиллах хүчний 55.8 хувийг хангадаг. Монгол Улсын хөдөөгийн үйлдвэрлэлийн 85 хувь нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд суурилсан эдийн засагтай. 2023 оны байдлаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь улсын нийт гадаад худалдааны эргэлтийн 17 хувийг эзлэн экспортын орлогын 6.5 хувийг бүрдүүллээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт УИХ-ын тогтоолоор баталсан урт болон дунд хугацааны 6 бодлогын баримт бичиг, Засгийн газрын тогтоолоор болон салбарын сайдын түвшинд баталсан стратегийг хэрэгжиж байна.
Салбарын урт болон дунд хугацаанд уламжлалт мал аж ахуй зонхилж, газар тариалангийн бүс, хот, суурингийн орчимд эрчимжсэн мал аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх, тэдгээрийн нөөцөд суурилан хөнгөн, хүнсний үйлдвэрийг сэргээн хөгжүүлж, хүн амыг дотоодын үйлдвэрлэлийн эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангах, нэмүү өртөг шингэсэн, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг нэмэгдлүүлэхэд чиглэгдэж байгаа.
УИХ-аас “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчин, удирдлага зохион байгуулалт, бодлого, үйл ажиллагааны цогц шинэчлэлийг хийхээр тусгасан бөгөөд таван жилийн хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд зориулан 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт хийхээр шийдвэрлэн, тогтоолын хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу хүнс, хөдөө аж ахуйн салбар 5 чиглэлийн хүрээнд 41 үйл ажиллагаа, 114 арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Бид хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах хүрээнд гол нэрийн 19 нэр төрлийн 56 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжийг бүрдүүлж ажиллаа.
Ингэснээр махны экспортыг нэмэгдүүлэхэд мах, махан бүтээгдэхүүний экспортын үйл ажиллагаанд хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортын нэг цонхны цахим системийг нэвтрүүлж, мах, махан бүтээгдэхүүн экспортлох үеийн баримт бичиг бүрдүүлэх, 7 байгууллагаас экспортын гэрчилгээ авахад зарцуулдаг байсан 13 хоногийн хугацааг бууруулж, ажлын 8 цагт багтаан олгох нөхцлийг бүрдүүлж үүний үр дүнд 2023 оны жилийн эцсийн байдлаар 80.4 мянган тонн буюу дулааны аргаар боловсруулсан махны жинг түүхий маханд шилжүүлэн тооцвол 117.0 мянган тн хүрсэн нь экспортлосон мах, махан бүтээгдэхүүний хэмжээ экспортыг нэмэгдүүлж чадлаа. Энэ нь манай улсын түүхэн дэх хамгийн их хэмжээний махыг экспортолсон амжилт байлаа. Түүнчлэн 2023 онд нийт 11.3 сая ам.долларын өртөг бүхий 173 мянган толгой малыг хорио цээрийн байгууламж бүхий аж ахуйгаас экспортод гараад байна.
Хүнс, хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийг банкны эх үүсвэрт тулгуурлан олгох, Засгийн газраас хариуцан төлөх зээлийн хүүгийн хөнгөлөлтийг 13.0 нэгж хүртэл хувь байхаар шийдвэрлэн, хүнсний боловсруулах болон сав, баглаа боодлын үйлдвэрлэл эрхлэгчид, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуй нэгж, хоршоодод эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлийг 5-6 хувийн хүүтэйгээр, арилжааны 10 банкаар нийт 982.0 төгрөгийн зээлийг олгох арга хэмжээг зохион байгуулж, 2023 оны жилийн эцсийн байдлаар 1956 зээлдэгчид 832.0 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Хөнгөлөлттэй зээл олгосноор салбарт дараах томоохон үр дүнгүүд гарлаа. Тухайлбал:
Газар тариалангийн сэргэлтийн хүрээнд 2023 онд 326.3 мянган га талбайгаас 456.4 мянган тонн үр тариа, үүнээс 433.8 мянган тонн улаанбуудай, 17.8 мянган га-гаас 175.0 мянган тонн төмс, 13.4 мянган га-гаас 183.0 мянган тонн хүнсний ногоо, 92.1 мянган га-гаас 253.0 мянган тонн тэжээлийн ургамал, 113.0 мянган га-гаас 50.5 мянган тонн тосны ургамал тус тус хураан авч улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 85.0 хувийг дотоодын ургацаас хангалаа.
Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд 117.2 тэрбум төгрөгний татаас, урамшууллыг олголоо. Цаашид малчин, мал бүхий этгээдийн бэлтгэж үндэсний боловсруулах үйлдвэрт тушааж, татварын цахим төлбөрийн баримтын системд бүртгэгдэж, баталгаажсан хонины ноосны килограмм тутамд 1000 төгрөг, тэмээний ноосны килограмм тутамд 2000 төгрөг, сарлагийн хөөврийн килограмм тутамд 10000 төгрөгийн мөнгөн урамшууллыг 2024 оноос эхлэн 2028 он хүртэл олгохоор УИХ-аар шийдвэрлүүлсэн.
Мөн гаалийн албан татварын хөнгөлөлтөд экспортын голлох салбар болох нэхмэл, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжүүд, хүнсний үйлдвэрлэлийн сав баглаа боодол, хаяг шошго үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүд, мод боловсруулах салбарын эцсийн бүтээгдэхүүн тавилга, модон эдлэл үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүд болох нийт 19 үйлдвэрийн чиглэлийн нийт 428 төрлийн тоног төхөөрөмжийг импортын барааны гаалийн албан татвараас хөнгөлөх бодлогын шийдвэрийг гаргуулж, үндэсний үйлдэвлэгчдийг дэмжин ажилалаа.
Цаашид манай улс Олон улсын стандартын шаардлага хангахуйц олон улсын чанарын хяналтын тогтолцоо нэвтэрсэн, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан томоохон бүтээн байгуулалтыг хөдөө аж ахуй үйлдвэрлэл хоршсон экспортын баримжаатай үйлдвэрлэл, технологийн паркууд, “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрийн бүс, хамгаалалттай аж ахуй байгуулах, хөнгөн үйлдвэрийн салбарт “Цагаан алт” хөдөлгөөнийг өрнүүлэх, Хөдөө аж ахуйн биржийн шинэчлэлийг хэрэгжүүлэх замаар хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг экспортод нэг цонхны бодлогоор гаргах, экспортыг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж, иргэдийн эрүүл зөв амьдрал, хүний бие махбодын хэрэгцээ шаардлагад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд, тогтвортой, хүртээмжтэй хангах явдал онцгой чухал байна.
Ингэхийн тулд бид бэлчээрийн мал аж ахуйн өв соёлыг дэлхий нийтэд таниулсан органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг тууштай дэмжсэн, үнэ цэнийн сүлжээг баталгаажуулсан, тогтвортой үйлдвэрлэл эрхэлж, өсөлтийг хангахад шинэ хоршоо үндэсний хөдөлгөөн онцгой үүрэг гүйцэтгэх юмаа.
Анхаарал хандуулсанд баярлалаа.
Хэлэлцүүлэгийн ажиллагаанд амжилт хүсье.