Е-баримт системд компанийн нэр барьж иргэдийн нэрээр хуурамч баримт үйлдэж их хэмжээний мөнгө хууль бусаар авсан хэргийг шүүх хурал болжээ.
Тодруулбал, иргэн Г, Ц, Б, У, У нар нь 2017 оны дөрөвдүгээр улирлаас 2022 оны нэгдүгээр улирал хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй 10 компанийн нэр дээр борлуулалт хийсэн гэх мэдээллийг татварын бүртгэлийн системд оруулжээ. Ингэхдээ нийт 14,180 ширхэг хуурамч баримтыг үйлдэж, 835 иргэний нэрээр Е-баримтын нэгдсэн системд бүртгүүлэн тэдгээрийн дансаар дамжуулан НӨАТ-ын урамшуулал болох 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголтыг хууль бусаар авсан байна. Хууль бусаар олсон орлогын эх үүсвэрийг нуун далдлах зорилготой банкны гүйлгээний утгыг өөрчлөн бичүүлэх, мөнгийг бэлнээр авах, зээлийн төлбөрт шилжүүлэх байдлаар захиран зарцуулсан нь тогтоогджээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2024.04.25-ны өдөр хянан хэлэлцэж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцон, шүүгдэгч Г-г 2 жил 6 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Ц, Б, У, У нарт 5-6 сая төгрөгөөр торгох, 1-2 жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан, улсад учруулсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэжээ.
