МАН туршиж, АН туулай болсоор Монголын улстөр үргэлжилж байна. Хууль тогтоох дээд байгууллага 126 гишүүнтэй байя гэдэгт МАНАН нэгдэж, ХҮН тэргүүтэй бусад нь уухай хашгираад явж байгаа.

Гишүүдийн тоо үлэмж нэмэгдэхийн хэрээр халаасны гэгдэх жижиг намуудын хувьд төрийн сэнтий зөвхөн зүүд болж үлдэх магадлал илүү… Төрийн ордны босгыг намсгасан гэх чихэр атгаж өгөөд хөрөнгөтний гэхэд хол зөрөхөөргүй сонгуулийн хувилбарт шилжчихээд яваа нь үнэн.

Томсгосон тойрогт хэрхэн сурталчилгаа хийж өөрийгөө таниулах, хандалт өндөртэй мянган сайт пэйжээр өөрийн зургаа цацууллаа ч вьетнам хаягтай троллууд үзэхээс тойрог дахь сонгогч нь олж харахгүй байх зэргээр толгой нь эргэсэн горилогчид хот хөдөөгүүр дүүрэн.

Ямартай ч хөдөө хоёр сар амьдарч байтал нэрийг минь тогтоох байгаа гэсэн хандлагатай нөхдийн сураг ажгийг Хангайн бүсээс эхлээд тандаж үзье.

Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийг хамарсан 9 мандат бүхий тойрогт УИХ-ын дарга Г.Занданшатар улаан, Ерөнхийлөгч асан Х.Баттулга цэнхэр дарцаг атгаад хэдийнэ усалгаагаа эхлүүлчихсэн явааг учир мэдэхгүй нялхас ч ойлгохоор тодорхой байгаа. Найман жил төрийн эрхэнд дангаар данхайсан МАН ирэх парламентад тохиролцооны Засгийн газар байгуулахаар АН-тай албан тушаалын бялуу хувааж, оргилуун дарс буудуулсан гэдгийг эх сурвалжаас хэлж байна. Тэдний тохиролцоог илтгэх тойргуудын нэг нь Хангайн бүс гэж байгаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн режимийг гүйцэхгүй гээгдсэн гэх УИХ-ын дарга Г.Занданшатар намын даргынхаа хаяаг бараадаад багагүй хугацаа өнгөрч байна. Тэрбээр намын нэрийн жагсаалтад багтах сонирхолтой байсан хэдий ч түүнийг тойрог руу илгээх хүсэлтийг Х.Баттулга дугтуйлж, Л.Оюун-Эрдэнэ барьж гүйсэн гэлцэнэ. Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр гэж, Х.Баттулгад Г.Занданшатартай хөтлөлцөөд сумын улаан буланд хөөрөг зөрүүлэлцээд, цаашлаад парламентын босго хамтдаа алхаад ороод ирвэл өөрийнх нь халаасан дахь кнопоос өөрцгүй энхрий санагддаг биз.

Энэ бүсэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гурван ч “квот” нэр дэвших хүсэлтээ өгсөн мэдээлэл бий.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Архангай аймгаас салахаа болиод удаж байгаа. Аймгийнхаа 100 жилийн ойгоор цэргийн хүрээ байгуулж, Зэвсэгт хүчний барилгын цэргийн шинэ анги нээн Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч нарыг аваачиж, “Эрт илрүүлэг” аяныг өрнүүлээд зогсохгүй одон медаль хүртэл тарааж, тууз зүүж өгөх зэргээр тунчиг завгүй нэгэн болсон. Ямартаа армид холбогдох асуудлуудыг олны анхааралд авчирсан хэлэлцүүлгийг Г.Сайханбаярын эсрэг Х.Баттулгаас санхүүжүүлж хийлгэсэн акц гэх хардлага хүчтэй өрнөж байхав. Айсан хүнд аргал хөдлөхийн үлгэрээр Г.Сайханбаяр нь өөрөө ч ингэж сэжиглэсэн байж мэдэх л юм. Гурвын гурван аймгаас хамгийн цөөн хүн амтай аймаг болох Архангайгаас нь өөр газарт хүн танихгүй Г.Сайханбаяр уг нь бусдын санааг чилээх тод дүр биш л дээ.

Тэрчлэн Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай Баянхонгор аймагт байсхийгээд үзэгдэх болж, мотоциклийн сугалаа хүртэл явуулж үзэж байна. Түүнийг Ерөнхийлөгчийн гэхээсээ Сангийн сайд Б.Жавхлангийн зөвлөх гэдгээр улстөрийн хүрээнийхэн андахгүй биз. Монголбанкны эдийн засагч төдийхөн байсан эр нэг л өглөө Төрийн тэргүүний зөвлөх болтол дэвшиж, өнгөрсөн жилээс УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэх чимээнээр Хонгор нутаг руу өртөөчлөх болсон нь түүнийг горилогчдын тоонд албан ёсоор оруулаад буй хэрэг.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарыг ч горилогчдоос холуур төсөөлбөл алдаа болно. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга болох тохироог У.Хүрэлсүхийн зүгээс хангалттай хийж өгсөн хэдий ч журмын нөхдийн дэмжлэггүй тэрбээр хол яваагүй. Энэ удаад намын нэрийн жагсаалтад орчихыг хүсэж буй ч сайн гэхээсээ саар мэдээлэлд нэр их холбогдсон кадр гэдгээр тойрогт илгээх хувилбар буюу Хангайн бүсийн рингэн дээр хаяж өгөхийг мөн л Х.Баттулгаас “хүсч”, Л.Оюун-Эрдэнэ гүйцэлдүүлж байгаа гэлцэнэ. Нэр дэвшилт зарламагц түүнийг “нүдсээр дуусгах” пиар баг хэдийнэ бэлтгэл ажилдаа орсон гэх бөгөөд өнгөрсөн өдрүүдэд тестэлж үзсэн нь амжилттай болсон гэх тамхины цэгийн яриа бийг энд тэмдэглэхэд илүүдэхгүй биз.

Тэднээс гадна Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай Хангайн бүсэд өрсөлдөх хүсэлтээ өгсөн. Хөгжлийн банкны хөнжлийг толгойдоо нөмрөөд “яллагдагч”-аар татагдаж явсан тэрбээр Засгийн газрын 2018.04.30-ны өдрийн 112 дугаартай тогтоолоор Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилогдон ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн буруутгагдаж байв. Хоёр жил гаруйн хугацаанд Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажилласан мань эр ийнхүү Хөгжлийн банкны хэрэгт хутгалдсан ч Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын зохиосон “шүүх алх цохиогүй бол” гэх дүрмээр нэр дэвших эрхээ эдлэн зэхэж яваа нь энэ.

Тус тойрогт эдгээр нөхдөөс гадна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн сайд Н.Чинзориг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар нэр дэвшихээр яригдаж байгаагаас Б.Батцэцэгийг Х.Баттулгын төдийгөөс өдийг хүртэл сойж, дэмжиж ирсэн битүү морь гэх сонирхолтой шуум бийг дурьдахгүй өнгөрч болохгүй.

АН-ын тухайд Х.Баттулга тэргүүлэн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Баянхонгорын Засаг дарга асан Д.Жаргалсайхан, хуульч О.Алтангэрэл, П.Нүрзэд, Д.Дагвадорж гэхчлэн нөхөд бараа болох нь. Нүүрсний гэх тодотголтой хэргийн анхны “яллагдагч”-аар шахуу нэрлэгдэж байсан А.Адъяасүрэн С.Ганбаатартай ижилсэн олны анхаарлыг өөр дээрээ төвлөрүүлэх маркетингаар шар нар, бор хоногийг өнгөрүүлэхээс хэтрэхгүй таван цаасаа үрж явна. Тэдний шар дээл өмнөх онуудын цоохор дээлийг л мартуулж буй болохоос хувь улстөрчийн имижийг өргөх тоглолт болж чадахгүй байгаа нь үнэн.

Д.Дагвадоржийг Хангайн бүсэд Х.Баттулга уяснаар Д.Сумъяабазарт тойрог олдохгүй зүдэрч, нөгөөтэйгүүр нийслэлээс холдвол нийслэлийн намын хороогоо алдчих гээд сандарч яваа байх. Дархан эрхээсээ татгалзаж, ёсолсон гэргийгээсээ холдсон түүнийг “цавчаа ногоон”-ы хэрэг болоод хотын дарга байх үеийнх нь пиарын баг нэг хэсэг намын даргынх нь эсрэг зохион байгуулалттайгаар ажилласан гэх там тум буруутгалд буруутган чичилсээр байгаа гэдгийг намынхан нь хэлж байна. Ямартай ч бүс дотроо хамгийн олон хүн амтай гэгдэх Өвөрхангай дахь Х.Баттулгын гоёл нь Д.Сумъяабазар бус Д.Дагвадорж гэсэн сонголт хэдийнэ хийгдээд бандан тас болсон юм байх.

Ямартаа ч МАН-аас Хангайн бүсэд Б.Даваадалай, М.Баярмагнай, Г.Тэмүүлэн нараа, АН-аас УИХ-ын гишүүн Д.Ганбат, ИТХ-ын дарга М.Батжаргал, П.Мөнхтулга нарыг сул хаяж есөн мандатын тавыг МАН, үлдсэнийг АН авахаар тохиролцсон гэлцэж байна.