МАН, АН-ын дотоод өрсөлдөөн өндөрлөж, нэр дэвшигчид тодорлоо. АН-аас нэр дэвших эрхээ авсан цор ганц эмэгтэйгээр сэтгүүлч Л.Мөнхбаясгалан нэрлэгдэж байна.
Говийн бэр Л.Мөнхбаясгалан эрх баригч намын “спонсор”-ууд болох Сү.Батболд, Б.Дэлгэрсайхан нарыг амлан авч, нэг тойрогт өрсөлдөхөө мэдэгдээд байсан билээ. Шөнө хугаслах шахсан МАН-ын Бага хурлын шийдвэрээр Сү.Батболд нэр дэвших эрхээ авч чадаагүй бол Б.Дэлгэрсайхан говийн бүсэд өрсөлдөх тийз өвөртлөж, Л.Мөнхбаясгалангийн амласан бөхөөр дэвжээн дээр гарахаар болов.
Олигархуудын эсрэг тэмцэхээ мэдэгдсэн Л.Мөнхбаясгалангийн тэмцэл “Дорнын говийн хаан” гэгдэх Б.Дэлгэрсайханыг “дошин” дээр нь ходрохоос эхэлнэ. Тиймдээ ч тэрбээр “Нэр дэвших тойрогт минь “мөнгөн бороо” орох биз… Говьд “мөнгөн бороо биш тэнгэрийн хур буух учиртайсан. Дорнын говийн Б.Дэлгэрсайхантай “дошин” дээр нь өрсөлдөх боллоо” хэмээн цахим хуудаснаа нийтэлсэн юм.
Л.Мөнхбаясгалан “Бүтэн ардчилал” хөтөлбөрийн хүрээнд говийн аймгуудыг тойрон уулзалт хийх үеэр шударга ёсны дуу хоолой болж явахыг ерөөн, усны хомсдол, лиценз олголтын асуудалд анхаарч ажиллахыг захиж байсан билээ.
Харин Дорноговь аймгийн 14 сумаар тойрсон Л.Мөнхбаясгалан “Дорноговь аймгийг бүтэн тойрлоо. ” Цензургүй ийм олон дэмжигчтэй байсаар ирсэнд нь талархаад баршгүй. Ард түмний итгэл л Цензургүй, Л.Мөнхбаясгалан хоёрыг амьдруулсаар” хэмээж байсан юм.