Нэр дэвшигчдийн материалыг маргааш хүртэл авч хуулийн дагуу шалгахаар болсон. Энэ асуудлаар сонгуулийн ерөнхий хорооны, мэдээлэл судалгаа сургалтын төвийн дарга Нямбаатараас тодрууллаа. Тэрбээр, Энэ сонгуулиар 126 гишүүнийг 78 тойрогт 48 жагсаалтаар сонгоно. Тийм учраас намын саналын хуудас, нэр дэвшигчийн саналын хуудас гэсэн хоёр саналын хуудастай. Нэр дэвшигчийн саналын хуудсыг дугуйлахдаа олон нэр дэвшигчийг дугуйлна. Тиймээс саналын хуудсан дээр байгаа заавар, саналын бүхээгт байгаа заавартай сайн танилцах шаардлагатай.

Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан. Сонгуулийн ерөнхий хороо материал хүлээн авах хугацаа маргааш дуусна.

Нэр дэвшигчдээс хүлээн авсан материалыг Сонгуулийн ерөнхий хороо долоо хоногийн дотор шалгана. Үүний дараа материалд гарсан зөрчлийг засах гурав хоногийн хугацаа олгоно. Ингээд зургадугаар сарын 10-нд албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхийг олгоно.

Сонгуулийн жил эхлэхээр, түүнтэй холбоотой нэгдсэн том төлөвлөгөөг баталдаг. Үүнийхээ дагуу явж байна. Эдгээр ажлууд бүгд хуулийн хугацаатай байдаг учраас наана нь бэлдэнэ гэсэн зүйл байдаггүй. Жишээ нь нэр дэвшигчдийн нэрс зарлагдаагүй байхад сонгуулийн хуудсыг хэвлэх боломжгүй. Сүүлийн жилүүдэд сонгогчдын ирц өссөөр байна. Хамгийн сүүлийн сонгуулиар 73 хувийн ирцтэй байсан. Үүний 30 орчим хувь нь 40-өөс доош насны залуучууд байна.