Оршил хэсэг
Иххэт сумын нутаг Дунд мандалын энгэрт Хашаатын булаг хэмээх нарийн гол хэмээх дөлгөөхөн урсана. Энэ голын адагт орших тойрмын бууцанд нутагладаг нэгэн бүсгүйг Сэлэнгэ гэнэ. Бүсгүй энэ нутгийн унаган хүн бөгөөд мал сүргээ дагасаар, хариулсаар, ажилласаар, амьдарсаар энэ хорвоог туулж яваа нэгэн. Тэр хоёр охинтой бөгөөд тэд нь эрдэм номын мөр хөөж их дээд сургуулиа төгсөөд ажил амьдралын их далайд хөл тавьж өөр өөрийнхөө замаар явахад нь үдэж мордуулсан монгол ээжий. Одоо хоёр охин нь ажил амьдрал нь тэгширсэн хань ижилтэй болсон үр хүүхдүүд нь энх тунх өсөж сайхан амьдрацгааж яваа билээ. Харин энэ эмэгтэй энэ айлыг айлын дайтай айл байлгах, өөрөө хүний жишээ хүн байхын тулд жилийн дөрвөн улиралд амсхийх завгүй. Ёстой нөгөө гадаа гарч эр, гэрт орж эм болсоор өглөөн шар нарнаас үдшийн бүрий хүртэл чөлөө завгүй өнгөрүүлнэ. Хөдөөний тэр их ажлыг нугалж дуусаад гэртээ орж, угааж арчих, оёж хатгах, хоол унд, гэр орноо цэвэрлэх, бүгдийг амжуулж сая нэг амрах болоход шөнө дунд болсон байх. Очсон хүн олж уулзахад бүүр ч хэцүү хотондоо байх уу, малдаа явсан байхуу, энд үү тэнд үү гүйж шогшиж яваа үзэгдэнэ. Бас болоогүй 1000 гаруй малтай, үхрээ саана цагаан идээгээ хийнэ, дээс ноосоо томно, эсгий ширмэл оёно. Хонио ноослоно, ямаагаа самнана, хааяа ном сонин уншина хот хороогоо орчин тойрноо ширхэг ч хоггүй цэвэрлэнэ. Өдөр нь малдаа явна. Ер нь яаж амждаг болоо гэж бодогдоно. Үнэхээр л ажилч хөдөлмөрч зоригтой зүрхтэй малдаа хайртай удам дагасан малчин хүн юм даа. Говийн ганц айлд говийн ганц бүсгүй хэнээс ч дутахгүй хачин тохилог амьдардаг гэвэл мэдэхгүй хүн гайхмаар.
Санзайсүрэнгийн Сэлэнгэ өөрөө ярихдаа би чинь хөдөө төрсөн хөдөө өссөн хүн шүү дээ. Хөдөө нутагтаа хэдэн малынхаа захад байж байвал сайхан. Тэгээд ямар ч үед ямар ч улиралд малчин хүн ажил ихтэй гадаа гэртгүй завгүй ажиллаж байж амжуулахгүй бол амжихгүй шүү. Жилийн дөрвөн улирал ээлжлээд нэг мэдэхэд өнгөрсөн байна. Тийм болохоор айж эмээх уйдах ганцаардахыг бүгдийг мэдэхгүй өнгөрсөн байдаг даа. Мал чинь дэргэд байвал би олуулаа хүн шүү гэв. Энэ сайхан нутагтаа малаа маллаж байгаа минь миний хамгийн дуртай ажил мэргэжил шүү. Малтайгаа хамт бэлчиж малтайгаа хамт хотолж ижилсээд сайхан шүү. Үхэл амьдарлын зааг дээр ирэхэд хүртэл мал л аминд орно доо гэж ярих. Хүүхэд байхаасаа л мал маллаж өссөн болохоор өчүүхэн ч чөлөө завгүй ер нь надад хүүхэд нас гэж бараг байгаагүй байх аа гэж боддог. Малчид чинь ер нь өглөө нартай уралдаж гараад орой болсон хойно сая нэг амсхийдэг хүндхэн хөдөлмөртэй хүмүүс шүү дээ. Мал дагавал ам тосдоно гэж монгол хүний сургаал үг байдаг даа хэмээв.
Амьд явах хувьтай хүн
17-р жарны усан туулай жилийн сүүл буюу 2023 оны өвлийн их зуд буюу байгалийн гамшигт үзэгдэл монгол орны бараг бүх нутгийг хамарсан билээ. Тэр их цас зуд зарим үед бараг -40 хэм хүрч хүйтэрч, хүн байтугай мал тэсэхийн аргагүй уруудаж бараг идэх өвсгүй үхэж эхлэв. Малчид зутарч малаа үхүүлж алдаж уруудуулж өөрсдөө зүдэрч байв. Гэтэл 12 сарын дундуур ид ес эхэлж шуурга шуурч жавар тачигнаж цаг агаарын аюултай үзэгдэлтэй гэж радио хангинаж байв. Яг энэ үед нөгөө Сэлэнгэ малтайгаа байхгүй байна гэсэн хэл сумын онцгой комисст сонсогдож сандаргав. Ингээд шуурхай эрэлд ид шуурган дундуур явж үүрээр эсэн мэнд олсон байна. Урьд өдөр нь 10 цагийн үед малдаа явж малтайгаа хамт уруудаж өдөр шөнө хоёр цасан шуурганд хээр байхдаа тэр их хүйтнийг тэсээд гарсан хүн дээ. Хамгийн гол нь малаа уруудуулж алдаагүй малтайгаа хамт байсан нь жинхэнэ малчин хүний гавьяа гэлтэй. Үнэхээр энэ чинь эмэгтэй хүн шүү гэж бодохоор ямар их зориг зүрх вэ. Малаасаа ямар ч үед салж үзээгүй энэ эмэгтэйг мал нь амийг нь авардаг гэдэг нь бүүр үнэн шиг. Нийт 5 удаа байгалийн их бага аюулд өртөж, 2 удаа техникийн осолд орсон ч одоо эсэн мэнд энх тунх малаа малласаар байна. Энэ бүгд бүүр баримттай үнэн байгаа юм. Энэ их хувь тавиланд үр хүүхдүүдийнх нь заяа түшиж, мал сүргийнх нь буян шингэсэн гэлтэй. Ясны малчин хүн юм даа. Нэгдэл нийгмийн үед малаа салхи шуурганд алдаагүй малчин бол ёстой манддаг үе байжээ. Энэ малчин эмэгтэй шиг ингэж амьдарч байгаа хүн энэ нутаггт маань ер нь бий бил үү, монгол улсад маань хэд байдаг болоо гэж бодлоо.
С.Сэлэнгээгийн бага ангийн багш Л.Лхагвасүрэн шавиа тодорхойлж ярихдаа
Энэ Сэлэнгэ чинь нэр нь ус талдаа ойлгогдох боловч энгийн хирнээ элс чулуу шиг эр хүн шиг эрэмгий зоригтой ажил хөдөлмөрч лут хүн болно хэмээн хэлжээ.
Сэлэнгээгийн ээж Цэнджав гуай сургуульд ажиллаж ажлаараа мандаж аймгийн “Ялалт” сонинд “Илч дулаан хайрлагч эх” сурвалжлагаар олны сонорт хүрсэн нэгэн байв. Лхагвасүрэн багшийн лут хүн болно доо гэсэн үг эхийн сэтгэлд нэвт гэрэлтэж явжээ. Хөөрхий өнгөрхөөсөө өмнө сургууль дээр уулзаж нээх их ярьж суусансан.
Ээж нь Сэлэнгээг багад нь төөрсөн талаар багшид нь дурсан ярьж байжээ. Тэрээр гадаа тоглож байсан охиноо дуудсан чимээ аниргүй гараад харсан байдгүй гэнэ. Шууд мордоод давхилаа. Хонь ойрхон цаагуур нь тойроод морьны ам эргүүлэх зуур бороо шиврэв. Хоёр нүдний нулимс асгараад ирэв. Охиноо дуудаж цааш давхилаа. Гэтэл ашгүй би чигийг нь олсон байж нилээн зайтай хүүхэд уйлах дуу яаж ч очсон мэдэхгүй тэрлэг цамц шал нойтон тэврээд авсан чичирч байна.
Ингэж би 7 настай охиноо анх аварсан хүн дээ. Гадаа тоглож яваад хонь хурааж ирнэ гэж яваад төөрсөн байгаа юм. Хүүхэд юм чинь овооны цаана ороод толгой нь эргэлгүй яахав дээ. Миний охин чинь өргөмөл юм аа дүү дагуулж ирсэн их буянтай үр минь гэж нулимсаа арчин охин минь ажилд сайн шүү. Үхэр малаа хариулна. Үнээгээ саана. Адуугаа маллана. Даага шүдлэнгээ сургачихна. Моринд бол нилээн эрэмгий шүү барагтай дааганаас ойчихгүй гэж ярьсансан.
Сурвалчлагчийн тэмдэглэлээс:
Хйихэд ч хэцүү, хэлхэд ч хэцүү, хэцүүхэн ажил өгөөрэй зүрх сэтгэлийн минь зовоох ажил өгөөрэй, зүдрэхийг мэдэхгүй ажил өгөөрэй гэж Лев Ошанин хэлсэн байдаг. Энэ Сэлэнгэ ёстой зүтгэж зүдэрч явна даа. Хүн хүнээрээ дутахаас илүүднэ гэж байх уу гэж Лхагвасүрэн багш хувийн тэмдэглэлдээ бичсэн байж ээ. Хаврын нэгэн бүрсгэр орой гэнэт цас шуурч адуунд явсан 13 хан настай охин ирж амжилгүй алга болжээ. Аав нв араас нь мордож чиг баримжаа алдалгүй хөөсөөр шөнийн 3 цагийн үед олж авахад адуугаа алдалгүй хамт байсан гэж аав нь ярьдаг байж билээ. Зуны хүйтэн бороонд ч хоньтойгоо хээр хонолоо л гэнэ өвлийн цасан шуурганд ч хоньтойгоо хээр хонолоо л гэнэ. Ямар ч үед малаасаа салж үзээгүй энэ хүний алтан амийг мал нь авраад байна уу бурхан багш авраад байна уу гэлтэй их хувь тавилан юм даа. Тэртээх хүүхэд ахуй нас сурагч байсан үеэс эхлээд өнгөрсөн туулсан амьдрал одоо энэ цаг дор амьдарч буй амьдралыг нь энэ нутгийн ард түмэн мэдэх буй. Хүн ер нь энэ орчлонд ажиллаж хөдөлмөрлөж амжилтанд хүрдэг гэж бодном. Амьд яваа хүн алтан аяганаас ус ууна гэдэг үнэн үг шүү. Сум орон нутгийн удирдлага ард түмэн нь хайралсаар дэмжсээр урамшуулсаар тусалсаар байнам. Малчин хүн тэтгэвэрт гардаггүй гэж үнэн шүү. Одоо малаа малласаар хөдөө сайхан нутагтаа эзэн болсоор амьдарсаар байна. Говь сайхан нутагтаа энгийн хирнээ эгэл даруухан амьдрач буй малчин бүсгүй нь кино шиг амьдралын тухай цухас өгүүлэхэд ийм бөлгөө.
Туужийг бичсэн:
Балжийн Чулуу
Дорноговь аймгийн Иххэт сум
2024.05.10