Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Тэнгэр тайлал” НҮТББ-тай хамтран энэ сарын 25-26-ны өдрүүдэд Хүй долоон худагт “Тэнгэр”  олон улсын бөөгийн фестиваль зохион байгуулах гэж байна.

Монгол улс, Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар олон улсын жуулчдыг татах, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, Нүүдэлчин угсаатны уламжлалт ёс заншлын салшгүй чухал соёлын өв болох бөө мөргөлийн ёс заншил, зан үйлийг олон улсад сурталчлах зорилгоор “Тэнгэр” олон улсын бөөгийн фестивалийг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.

Фестивальд Монгол, БНСУ, Франц, Польш, АНУ, Канад, ОХУ, Хятад, Япон, Солонгос зэрэг 27 улсаас 900 гаруй бөө мөргөлчид ирж оролцох бөгөөд тухайн улсынхаа бөө мөргөлийн онцлог, уламжлал, ёс заншлыг үзүүлж, сонирхуулна.

Мөн энэ үеэр Нарны тахилга, Бөөгийн туг сүлд залах ёслол, Дэлхийн амар амгалангийн төлөөх бөөгийн зан үйл, Галын тахилга болон Гадаад улсуудаас хүрэлцэн ирсэн төлөөлөгчид бөө мөргөлийн зан үйл үзүүлнэ. Түүнчлэн хүрэлцэнг ирсэн үзэгч, бөө мөргөлчиддөө зориулан язгуур урлагийн тоглолт, шувуучлахуй, морин харвааны үзүүлбэр, цирк, шүхрийн үзүүлбэр, морин циркийн үзүүлбэр болон орон орны бөөгийн өв соёлтой танилцах отгуудаар зочлох, зураг хөрөг даруулах, сорь унах, тэмээ унах, цаа буга унах, үхэр тэрэг унах, олон үндэстний хоолны өргөө, нум сум харвах, шагай наадгай зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болох юм.