Шинэ хоршоо малчин таныг л дэмжих явдал юм гэдэг пи ар төгс явж байна. Гэтэл иргэн таныг ингэж дэмжинэ гэсэн юм үзэгдэхгүй л байна.
Амлалт. мн сайт эрх баригчдын, намуудын сүүлийн жилүүдийн амлалтыг нэхэж ажилласаар буй. Сүүлийн найман жилд Ардын нам төрийг барилаа. Хорин онд тэдний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг иргэн та нэг бүрчлэн үзэж байж одоо сонгуульд саналаа өгөх хэрэгтэй билээ.
Иргэн өөрийгөө хүндэлж, өөрөө өөрийгөө сайн сайхан амьдруулахын тулд зайлшгүй ингэж нягтлах шаардлага байгаа юм. Арван зургаан оны амлалт шүү дээ гээд Ардын намын бүлгийн дарга Д. Тогтохсүрэн хээвнэг хариулж байгаагаас, тойрч байгаагаас ямархуу хариуцлагатай хандаж байгааг, иргэн та тун няхуур эргэцүүлэх ёстой. Өөдлөх айл үүднээсээ гэж үгтэй.
Монголын үүд бол Улаанбаатар. Улаанбаатарт монголчуудын хоёр туйлт амьдрал байгаа. Энхтайваны гүүрнээс урагш хүн төрөлхтний жишиг амьдрал руу дөхсөн дүр зураг, Төрийн ордноос хойш хүн төрөлхтний ердийн жишиг амьдрал руу дөхүүлэх ёстой дүр төрх харагдаж байгаа.
Төрийн ордноос мянган метрт нүхэн жорлон агаар, хөрс бохирдуулан, ард түмний үнэмлэхүй хувь ийм нөхцөлд амьдарч байгааг харахаар хэн ч харамсам. Эцсийн эцэст үүнээс хэрхэн ангижрах вэ гэдэг хэрэг дээрээ иргэн таны асуудал, сонголт. Аль нэг нам бус, хэн гэдэг улс төрч, хэн гэдэг эрх барих чадалтай хүн таны амьдралд бодит дэм, өөрчлөлт гаргах вэ гэдгийг иргэн бүр гүн бодож саналаа өгөх хэрэгтэй байна. Нэн хэрсүү бай. Монголын төрийг хэн төлөөлж, иргэдийн эрх ашгийг хэн дээдэлж ажиллах вэ гэдгийг дэнслэх бол эцсийн дүндээ иргэний үүрэг, хариуцлага. Монголчуудыг нүхэн жорлонгоос салгана гэсэн улс төрчийг дэмж. Ингэж хэлж байгаа улс төрч байна уу, хар даа, иргэн та. Нүхэн жорлонгоос салгах улс төрч, бодлого тодорхойлогч бол суух суудлаа зөв сонгох хүн гэж итгэж болох.
З.ГАРЬД
Амлалт.мн