УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн хугацаанд хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой дараах зөрчил, дутагдлууд гарсныг холбогдох байгууллагуудын тайлан, мэдээлэлд дурдсан байна. Үүнд: 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн хүрээнд Цагдаагийн байгууллагад нийт 2,569 гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл ирсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 182, зөрчлийн шинжтэй 2,387 гомдол, мэдээлэл ирсэн. Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллээс

  • Бэлэн мөнгө, эд зүйл тараасан гэх-27
  • Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд тараасан гэх- 63
  • Самбар алдсан” гэх-47
  • Сурталчилгааны зураг, самбар, зурагт хуудас болон бусад сурталчилгааны материалыг санаатайгаар устгах, бохирдуулсан гэх-2
  • Хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан гэх- 17
  • Сонгуулийн хэсгийн хорооны байр, бусад газарт танхайрсан гэх-3, бусад 23 гэсэн тоон үзүүлэлттэй байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй хамгийн олон гомдол, мэдээлэл нь “Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд тараасан” гэх буюу Эрүүгийн хуулийн 14.8 дугаар зүйлд заасан “Сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах” гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл нийт гомдол, мэдээллийн 35 орчим хувийг эзэлж байна.

Зөрчлийн шинжтэй 2,387 гомдол мэдээллээс “Хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан” гэх Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 18.1-д заасан “Сонгуулийн хуулийг зөрчих” зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл нь 1,000 буюу нийт гомдол, мэдээллийн 42 орчим хувийг эзэлж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдээллээс үзвэл, 2020 оны сонгуулийн хүрээнд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16.1-д заасан сонгогчдын саналыг татах зорилгоор “бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдсан, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон төлбөргүйгээр үзүүлсэн” зөрчлөөр 2 хэрэг, 16.2-т заасан сонгогчдын саналыг татах зорилгоор “нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, хонжворт сугалаа зохион байгуулсан, ивээн тэтгэсэн” зөрчлөөр 4 хэрэг, 16.4-т заасан сонгогчдын саналыг татах зорилгоор “ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулсан, хэлцэл хийсэн” зөрчлөөр 4 нийт 10 хэргийг шийдвэрлэсэн байна.

  • “Цогц Хөгжлийн Үндэсний Төв” ТББ-аас хийсэн Улс төр дэх залуучуудад болон эмэгтэйчүүдэд тулгамдаж буй сорилт бэрхшээлт судалгааны тайланд “Олон нийтээс улстөрчдийн гэр бүлд тавих шалгуур хүйсийн хувьд харилцан адилгүй байна. Гэр бүл цуцлуулсан, гэр бүлийн хүн нь гадаадын иргэн байх зэрэг ижилхэн нөхцөлд эмэгтэй улс төрчдөд эрэгтэйчүүдээс илүү хатуу шалгуур тавьж, ялгавартай ханддаг” гэж дүгнэсэн.
  • Үндэсний аудитын газрын УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайлан мэдээнээс үзвэл, 2020 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нийт 606 нэр дэвшигчдээс сонгуулийн зардлын тайлангаа 469 нэр дэвшигчид ирүүлсэн буюу 137 нэр дэвшигч тайлангаа ирүүлээгүй зөрчил гаргажээ.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 2 дугаар сарын 28-ний өдрийн А/23 дугаар тушаалаар УИХ-ын сонгуулийн тойрогт нэр дэвшигчдийн зарцуулах зардлын дээд хэмжээг тухайн тойргоос хамааран 360.4 сая төгрөгөөс 775.5 сая төгрөгийн хооронд тогтоосон зардлын дээд хэмжээг 2 нэр дэвшигч нийт 48.8 сая төгрөгөөр хэтрүүлсэн байна.

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “ … нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.” гэж заасны дагуу сонгуулийн зардлын тайлангаа хугацаандаа ирүүлсэн 436, хугацаа хоцроосон 33, тайлангаа ирүүлээгүй 137 нэр дэвшигч байна. Нийт 469 нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа ирүүлснээс аудитын хуулийн этгээдээр баталгаажуулсан 427, баталгаажуулаагүй 42 тайлангаас 36 тайлан орлого, зарлага тайлагнаагүй “х” тайлан байна.

“Хэвлэлийн Хүрээлэн” НҮТББ-аас хийсэн 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны мониторингийн дүнгээр сонгуулийн сурталчилгааны албан ёсны хугацаанд буюу 2020.06.02-ноос 22-ны өдрүүдэд фейсбүүкээр түгээсэн, сонгуультай холбоотой мэдээллийн 80 гаруй хувь нь төрөл бүрийн ил, далд ухуулга, сурталчилгаа болон өрөөсгөл, дэгсдүүлсэн, бүрэн бус, гуйвуулсан мэдээлэл байснаас зөвхөн 20 орчим хувь нь нам, нэр дэвшигчийн нэр, лого бүхий хууль ёсны сурталчилгаа, үлдэж буй дийлэнх хэсэг нь ухуулга байх магадлалтай хувь хүний үзэл бодол, мөн бусдын үзэл бодлыг баримт мэт харагдуулах, нэр дэвшигч, нам, эвслийн нэр хүнд, итгэл үнэмшлийг унагах, дөвийлгөх, буруутгах, эргэлзээ төрүүлэх зорилго бүхий мэдээлэл байсан гэж дүгнэсэн.

Комисс 2012, 2016, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр олон улсын хүний эрхийн хэм хэмжээ болон үндэсний хууль тогтоомжоор баталгаажсан сонгуулийн эрх бүхий хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийн хэрэгжилтэд мониторинг хийж ирсэн бөгөөд мониторингийн явц, үр дүнгээс үзэхэд, зарим санал авах, ухуулах байр тэргэнцэртэй иргэн саадгүй нэвтрэхэд хүндрэлтэй буюу байрны орц, гарц, налуу зам стандартад нийцээгүй огцом шаттай, налуу зам болон бусад зай талбайн хүртээмжгүй байдлаас тэргэнцэртэй иргэн орох боломжгүй байна. Харааны бэрхшээлтэй иргэдэд ялангуяа сул хараатай иргэдэд зориулан гэрэлтүүлгийг нэмэгдүүлж, мэдээллийн самбарын үсгийн фонтыг 16-аас доошгүй хэмжээгээр хэвлэн байрлуулах, түүнчлэн сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан харилцах самбар байршуулж, түүнд түгээмэл хэрэглэх үг, яриаг ойлгомжтой байдлаар зургаар дүрслэн үзүүлэх боломжтой байхаар зохион байгуулах нь чухал байна.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны хугацаанд намын дарга, ухуулагчаар ажиллаж байсан иргэний амь нас эрсэдсэн, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй талаарх албан бус мэдээллүүд байна.

Иймд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч, улс төрийн нам, эвслүүд болон түүний сонгууль эрхэлсэн байгууллага нь сонгуулийн сурталчилгаа хийх, шударгаар өрсөлдөхтэй холбоотой үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэхэд анхаарч дараах санамжийг хүргүүлж байна. Үүнд:

  1. Сонгуулийн сурталчилгаа хийхдээ хууль ёс, шударга ёсыг баримтлан бусдын нэр төр, алдар хүндийг хүндэтгэх;
  2. Улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид үзэн ядалт, хүчирхийлэлд уриалахгүй, бусдын нэр төрийг гутаах зорилготой худал мэдээлэл тараахгүй байх;
  3. Эмэгтэй улс төрчийг харлуулахад чиглэсэн мэдээлэл, сурталчилгааг хориглох, хүйсийн хувьд гутаан доромжлохгүй байх, улс төрийн ардчилсан өрсөлдөөнд аливаа хүйст хүндэтгэлтэй хандах;
  4. Иргэдийг санал өгүүлэх зорилгоор санал авах байр луу зөөвөрлөхийг зогсоох, сонгуульд оролцохоос татгалзах, нэр дэвшигчдийг багаар нь сонгуулах зэргээр сонгогчийн сонгох эрхэд нөлөөлөх, хүний үзэл бодлыг үл хүндэтгэх, төөрөгдүүлэх агуулга бүхий сурталчилгаа явуулахгүй байх;
  5. Нэр дэвшигч өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх, нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөх, амлах, ажлын байранд зуучлах, ажилд оруулах, амлалт өгөх зэрэг хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй байх;
  6. Хиймэл оюун, олон нийтийн сүлжээ ашиглан үзэн ядалт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлд уриалсан илэрхийлэл, хүний нэр төр, эрхэм чанарыг гутаах зорилготой худал мэдээлэл бүхий контент бүтээхэд сонгуулийн сурталчилгаа явуулж байгаа, технологи хөгжүүлж байгаа хүн, хуулийн этгээд оролцохгүй байх;
  7. Ухуулах байр, сонгуулийн сурталчилгааны материал, хэрэгслийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, баривчлагдсан, цагдан хоригдсон хүнд тохиромжтой байдлаар бэлтгэх, мэдээллийн хүртээмжийг хангасан байх;
  8. Хүний хувийн мэдээлэл болох иргэдийн регистрийн дугаар, гэрийн хаяг, холбоо барих мэдээллийг цуглуулах, хууль бусаар ашиглахгүй байх;
  9. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд төгсөлтийн, ургийн уулзалт зохион байгуулах нэрээр сонгогчдод нөлөөлөх, санал авах зорилгоор архи, согтууруулах ундааг хэрэглүүлэхгүй байх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалахад онцгой анхаарах;
  10. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хязгаарлахгүй, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө ялгаварлан гадуурхахгүй байх, хүний ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх;
  11. Ард түмнийг талцуулах, хуваагдал үүсгэх, үндэсний эв нэгдлийг бусниулах зэргээр хэт улс төржихгүй байх, үзэл бодол, бодлогын хувьд шударга ёсны зарчмаар өрсөлдөх.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч, улс төрийн нам, эвслүүд сонгуулийн үйл ажиллагаандаа хүний эрхийн зарчим, хэм хэмжээг мөрдлөг болгон дээрх санамжийг өөрийн сонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүнд танилцуулан хэрэгжүүлж ажиллахыг хүсье.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС