Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Багануур дүүргийн иргэд сонгогчидтой өнөөдөр уулзаж, 2024 оны УИХ-ын сонгуулийн онцлог, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоонд шилжсэнээр Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламенттай болж, нийгмийн төлөөлөл нэмэгдэх боломж бүрдсэн талаар танилцууллаа. Таны оролцоо бол эх орныхоо эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ын салшгүй нэг хэсэг юм. Тиймээс Монгол Ардын намаас Налайх,Багануур,Багахангай дүүрэгт нэр дэвшиж байгаа С.Амарсайхан,Ц.Сандаг-Очир нарыг багаар нь дэмжиж, эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлээрэй” гэлээ.
Шинэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталснаар Налайх, Багануур дүүрэг 2025 оноос Улсын зэрэглэлтэй хот, Багахангай дүүргийг нийслэлийн Дагуул хот болгох эрх зүйн орчин бүрдэж, төсөв санхүүгээ өөрсдөө захиран зарцуулж, бие даан хөгжих боломж бүрдсэнд Багануурчууд талархалтай байна. Дүүргүүдийг хот болгох бэлтгэлийг хангаж, дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалтууд өнгөрсөн хугацаанд хийгдсэний дотор Багануур дүүргийн дөрөвдүгээр хорооны Байдлаг хэсэгт улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгөөр 100 ортой хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орсон бол автозамын бүтээн байгуулалт, гэр хорооллын гэрэлтүүлэг, үерийн далан суваг шуудуу татах зэрэгт 1.9 тэрбум төгрөг, Өрхийн эрүүл мэндийн төвд 500 сая төгрөг тус тус шийдүүлсэн.
Энэ ч үүднээс Багануурчуудын хувьд төрийн эрх барих дээд байгууллагад өөрсдийн төлөөллөө сонгох түүхэн хариуцлагатай сонгуульд тулхтай, туршлагатай, зарчимтай, хийсэн ажилтай, хэлэх үгтэй, хийснээсээ ахиулж хийж бүтээх ирээдүйтэй нэр дэвшигчдээ дахин сонгож, төрд илгээнэ гэдгээ илэрхийлж байлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар зоригтой, хурдтай, сайн ажиллаж байгаа учир бодлогоо үргэлжлүүлэх ёстой. Үүнд УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог Налайх, Багануур, Багахангай дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшиж буй С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар хүч нэмж, мөрийн хөтөлбөрөө биелүүлж ажиллах учиртайг дүүргийн сонгогчид нэр дэвшигчдэд захиж байлаа.