УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр хүүхдийн цэцэрлэгт мөлхөж тоглож явсан эр Боловсрол шинжлэх ухааны сайдаар томилогдчихлоо. Сонгуулийн сурталчилгааны хаалтын үеэр П.Наранбаяр дээрх пиарынхаа талаар хэлэхдээ “Юм бүхэн учир шалтгаантай. Хүүхэдтэй газар байна гэдэг чинь тэр чиглэлийн бодлого, санасан зүйл байгаагийн илрэл” хэмээсэн нь хамтарсан Засгийн газрын хар зураг хэдийнэ бэлэн болсон талаар ам алдсан явдал гэчихэд төдийлөн хол зөрөхгүй байх.  Хэрвээ хамтарсан Засгийн газрын ерөнхий бүтэц эртнээс хийгдсэн гэж үзвэл тойргийн тохироо ч зөрүүгүйгээр зурагдсан байсан гэсэн үг.

Тийм бол улстөрийн намуудын өөрсдийнх нь хийсэн судалгаа тэрхүү тохироондоо тааруулсан хуурамч байсан байж таарна. Үнэндээ хийсвэр, хөөс ихтэй, савалгаа өндөртэй судалгаанд хөөрцөглөж хөл алдсан гэх гомдолтой олон нэр дэвшигч бий нь үүний нотолгоо байж мэдэх л юм. Тэр утгаараа намынхаа бус хөндлөнгийн судалгааны байгууллагын дүнг заавал харж, уяж тоглох ёстой гэдгийг энэ сонгуулиас олон ч нэр дэвшигч яс махандаа шингэтэл ойлгосон байх.

Орон нутгийн сонгууль аравдугаар сарын 11-нд болно.

Сонгуультай холбоотой иргэдийн шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 12-ны өдрөөс эхлэн зогсоох хуулийн заалт бий. Энэ талаарх мэдээллээ олон нийтэд хангалттай сайн хүргэхгүй бол сургууль, цэцэрлэгийн бүртгэл эхлэхтэй зэрэгцэн иргэдийн шилжилт хөдөлгөөний асуудал нэлээдгүй хэл ам таталж таарах биз.

Уг нь УИХ-аас илүүтэй харьяа дүүрэг, аймаг, орон нутагт нь аль нам гарч, хэнбугай Засаглах иргэдэд, цаашлаад дараа дараагийн нэр дэвшигчдэд хамгийн чухал, анхаарал хандуулах сонгууль бол Орон нутгийн сонгууль юм. Үр дүнгээс нь сум, баг, хороо, дүүрэгт ажлын аппарат тэр чигтээ өөрчлөгддөг гажиг гэмээр тогтолцоог улстөрийн томоохон бүлэг фракциуд анхнаас нь бий болгочихсон.

Иргэд нь үл ойшоох шахам болчихсон Орон нутгийн сонгууль улстөрчдийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн чигийг заадаг луужин нь гэхэд хилсдэхгүй.

Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Төрийн тэргүүнийг 6 жилд нэг удаа сонгох бөгөөд үүний анхдагч нь У.Хүрэлсүх. Гэхдээ Х.Баттулга Л.Оюун-Эрдэнэ нарын нийлсэн нам дамнасан гэх бүлэглэл У.Хүрэлсүхийг хугацаанаас нь өмнө буулгах, ингэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, үүний тулд Цагдаа, Шүүх, Прокурорын үйл ажиллагааг илтэд буруушаан, бүрэн бүтнээр нь өөрчлөхгүй бол болохгүй болж гэх ойлголтыг олон нийтэд өгөөд эхлэв үү хэмээн улстөр судлаач, тоймчид шүүмжлэлтэй хандаж байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ парламент хийх нь гарцаагүй.

Гэхдээ мэхт мэхэндээ гэдэг.

Магадгүй, У.Хүрэлсүхийг хугацаанаас нь өмнө буулгах биш дахин сунгах боломжоор хангачихыг хэн байг гэхэв. Тэр маневр сайтай, улстөрийн тоглолтыг богино хугацаанд өөрчилж өөрт ашигтайгаар эргүүлж чаддаг тоглогч. Намынхан нь түүнийг Ерөнхийлөгч болгон зайлуулж, Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай, нэг удаа сонгох заалттайгаар тохируулсан ч тэр өргөө дуусгаагүй байна.

Нам дамнасан бүлэглэлийн яарсан шунал түүний эгдүүг хүргэж ч буй биз. Тэрчлэн У.Хүрэлсүхийн эрх мэдлийн хугацааг үргэлжлүүлэн сунгуулж чадахгүй бол Монголын улстөрд Х.Баттулга Л.Оюун-Эрдэнэ нарын хамтарсан бүлэглэл ойрын 30 жил завсаргүй ноёлох нь цаг хугацааны л асуудал болсон гэдгийг томоохон бүлэг, фракциудын төлөөлөл хэлж байна. М, Н Энхболдууд, Нямдорж Хүрэлбаатарууд, Сү Батболд Баярцогтууд, Баяр Элбэгдоржтнууд, Сарангэрэл Оюунхоролууд, Сумъяабазар Бат-Эрдэнүүд гэхчлэн том жижиг бүлэглэлүүд алгуураар холдсон нь санаандгүй хэрэг биш бөгөөд одоо зөвхөн У.Хүрэлсүхийг Д.Амарбаясгалантай зайлуулахад “херо” төсөл амжилттай хэрэгжсэн гэгдээд дүнгээ тавиулах биз. У.Хүрэлсүхийг хөөрөгдөөд Д.Амарбаясгаланг намын гал тогооноос холдуулсандаа багтаж ядан баярлаж яваа нөхөд нэгээр тогтохгүй олон. Тэдэнд Я.Содбаатар хүн биш цэрэг гэдэг шиг зөөлөн боорцог нь үнэн. Ядаж байхад У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан тэргүүтэн өнгөрсөн хугацааны багахан эрх мэдэлдээ сагаж үндэсний хөрөнгөтнүүд, томоохон татвар төлөгчдөө хамгаалж чадаагүй. Тэднийг гээд санаж сарвайх дотоод гадаадын хөрөнгө оруулагчдын дийлэнх нь эдийн засгийн гэмт хэрэгтнүүд болж орон шоронгийн үүд татах нь татаж, гадаад дотоодоор дүрвэж зайлах нь зайлцгаасан гэхэд хатуудсан болохгүй биз.

Одоо харин Орон нутгийн сонгууль дээр Х.Баттулга Л.Оюун-Эрдэнэ нарын хамтрал үргэлжилж, дараагийн Засаг дарга нарыг хэдийнэ нэрлээд эхэлсэн гэх мэдээлэл эрчтэй тархаад эхэллээ. Мэдээж хэрэг. Энэ хүртэлх амжилтыг босгож ирчихээд “хөл”-өө хаявал тэнэг явдал болно. Орон нутгийн сонгуулиар хэн үндсээ, хөлөө бэхэлж чадна тэр Үндсэн хуулийн өөрчлөлтийг гартаа авч, Төрийн тэргүүний шинэ өнгийг тодорхойлох нь зайлбаргүй.

Үүний тулд судалгааны байгууллагуудын дүнд нөлөөлж, өрсөлдөгчдөө хөөсөрсөн хуурмаг мэдээллээр төөрөгдүүлэн чулуу хөөлгөх ажиллагаа хэдийнэ эхэлчихэж. Чадварлаг, зальтай л пиарчид юм. Судалгааны дүн харж тактикаа боловсруулдаг хэрнээ намынхаа судалгааг үнэн гэж итгээд хөндлөнгийн судалгаатай харьцуулж мэддэггүй монгол ноёдын мөхөс ухаанд зориулж мундаг л тоглоцгоож байна. Тэд энэ аргаа Орон нутгийн сонгуульд ч дахин ашиглах нь…

Үргэлжлэл бий…