Баянгол дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр(2024.06.25) цахимаар болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Шуурхай зөвлөгөөнөөр гурван асуудал хэлэлцлээ. Үүнд,
  • Улаанбаатар хотод ойрын өдрүүдэд бороо үргэлжлэн орж, голын усны түвшин нэмэгдэж байгаатай холбоотойгоор Нийслэлийн онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд дүүргийн Онцгой комиссоос ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа,
  • Дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын явц,
  • 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр УИХ-ын сонгууль болох гэж буйтай холбоотойгоор бэлтгэл ажил ямар шатанд явж буй талаарх мэдээллийг сонслоо.

НОК-ООС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН ХҮРЭЭНД АЖИЛЛАЖ БАЙНА

Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Оюунболдын өгсөн мэдээллээр нийслэлд зургаадугаар сарын 18-22-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Туул, Сэлбэ, Дунд голын усны түвшин үерийн аюултай түвшнээс 18-82 см нэмэгдэж, үерийн нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комисс энэ сарын 23-29-ний өдрийн 00:00 цаг хүртэл нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжүүлсэн бөгөөд дүүргийн Онцгой комиссоос шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа гэсэн юм.

ДҮҮРЭГТ ХИЙГДЭЖ БАЙГАА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖИЛ 40 ОРЧИМ ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар мэдээлэл өгсөн. Ингэхдээ дүүргийн хэмжээнд хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажил 40 орчим хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, энэ онд 49 байрны дээвэр засахаас 19 байрных засагдсан бол 9 нь хийгдэж байна. Нийт 41 байрны цахилгаан шат шинэчлэх, засварлах ажлыг хийхээс 8 байрных засагдсан, 4 байрны цахилгаан шатны шинэчлэл эхэлсэн.
Нийт 24 байранд фасад хийхээс одоогоор 6-р хороо, 14б байрны фасад дулаалгын ажил эхэлсэн.
Мөн Энэбишийн өргөн чөлөө, Хасбаатарын гудамж, 5-р хороо, 2, 3-р байрны баруун тал, Цэрэнноровын гудамжны авто замын ажил эхэлсэн. Мөн 53 байршилд явган хүний зам тавихаас 15 байршилд энэ ажил эхэлсэн гэсэн мэдээллийг өглөө.
Энэ үеэр дүүргийн Засаг дарга хороодын Засаг дарга нарт дүүрэгтээ хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын мэдээллийг иргэддээ үнэн зөв, шуурхай хүргэх, хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажилд хороо хороон дээрээ хяналт тавьж ажиллах шаардлагатай байгааг онцоллоо. Мөн удаашраад буй зарим ажилд анхаарал хандуулж ажиллахыг холбогдох хэлтсийн дарга нарт үүрэг болголоо.

СОНГУУЛИЙН ҮЕЭР ГАРЧ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ  

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль 06-р сарын 28-ны өдөр болно. Үүнтэй холбоотойгоор дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, дүүргийн Сонгуулийн хорооны дарга Б.Мөнгөнхуяг сонгууль авах байр болон бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Миний хувьд хуулиараа сонгуулийн ажлыг дүүрэгтэй зохион байгуулах, Сонгуулийн хуулийг сахиулах үүрэг хүлээсэн. Иймд сонгуулийн өдөр ямар нэг эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж бэлтгэл ажлаа маш сайн хангаж ажиллах шаардлагатай. Сүүлийн өдрүүдэд шугам сүлжээ засаж байна гэх зэргээр цахилгааны утас таслах зэрэг зөрчил гарч байна. Иймд хороодын Засаг дарга нар энэ асуудалд онцгой анхаарч, шугам сүлжээ засаж байгаа байршлууд байвал яаралтай мэдэгд. Мөн хууль, цагдаагийн байгууллагынхан ямар нэг зөрчил маргаан гаргахаас урьдчилан сэргийлж ажиллаарай гэсэн юм.

ЗУРГААДУГААР САРЫН 27, 28, 29-НИЙ ӨДРҮҮДЭД СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧЛЭХГҮЙ  

Дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Г.Батсүрэн дүүргийн удирдах ажилтнуудад цаг үеийн мэдээлэл өглөө. Ингэхдээ УИХ-ын сонгуулийн санал авах өдөр, санал авах өдрийн өмнөх болон дараагийн өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй гэсэн Нийслэлийн Засаг даргын захирамж энэ сарын 21-ний өдөр гарсан. Уг захирамжид сонгуулийн санал авах өдөр, санал авах өдрийн өмнөх болон дараагийн өдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 27, 28, 29-ний өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй гэж заасан байгаа. Мөн УИХ-ын сонгуулийн санал авах өдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүд амрахаар зохицуулалт хийгдээд байна. Түүнчлэн Улсын баяр наадам удахгүй болно. Үүнтэй холбоотойгоор манай дүүрэгт Хүй долоон худагт 60 үйлчилгээний квот өгсөн. Үүнээс 42 нь хуушуур, 18 нь худалдаа үйлчилгээнийх. Иргэдийн хүсэлтийг онлайнаар долоодугаар сарын 1-ний 7:00 цагаас долоодугаар сарын 3-ны 16:00 цаг хүртэл хугацаанд авна гэсэн мэдээллийг өглөө.