Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142.150 хүүхэд бий. Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа бөгөөд эхнийх нь 2024.08.01-нээс эхлүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хаяг, байршлын мэдээллийн санд тулгуурлан И-Монголиа системээр бүртгэж, аймаг, нийслэлийн Боловсролын газрын тогтоосон хамран сургах тойргийн дагуу боловсролын салбарын мэдээллийн систем/ESIS/-ээр хуваарилалт хийсэн.

Харин хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш буюу 2024.09.05-наас эхэлнэ.

Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах хүрээнд ачаалал өндөртэй дүүрэг, хороодын мэдээллийг гаргаж, энэ хичээлийн жилд нийт 368 бүлэг бүхий 94 байрыг сургалтын зориулалтаар түрээсэлж, 11.768 хүүхдийг сургана. Мөн хамран сургах тойрог тогтоолгосон хувийн хэвшлийн 274 цэцэрлэгт 15 мянган хүүхдийг хамруулахаар төлөвлөжээ.