Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин удаашралтай баригдаж буй болон царцаагдсан барилга байгууламжийн төлөвлөлт, хяналтыг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 16-ны өдөр “Олон нийтийн төв”-д зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Сангийн яам, Үндэсний Аудитын газар, Боловсролын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Эрүүл мэндийн яам, Биеийн тамир, спортын улсын хороо, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар зэрэг төрийн байгууллага, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.
Авлигын гэмт хэрэг үүсэх шалтгаан, нөхцөлийг илрүүлэн тогтоох, таслан зогсоох, үр дагаврыг нь арилгах чиг үүргийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин удаашралтай баригдаж буй болон царцаагдсан барилга байгууламжуудын асуудлыг авч үзэхэд 2009-2024 он хүртэл 15 жил дамнасан 502 барилга, анхны төсөвт өртөг нь 2-5 дахин өссөн ажил үйлчилгээнүүд байна. Үүнээс 2024 онд ашиглалтад оруулсан 29 төсөл, барилга угсралтын ажил нь үргэлжилж байгаа 422 барилга, угсралтын ажил удаашралтай зогссон болон асуудалтай 51 барилга байгууламж байна. Дээрх зогссон барилга байгууламжуудыг нийт 215 тэрбум төгрөгөөр санхүүжигдэхээр анх төсөвт суулгасан байсан бөгөөд гэрээний дагуу 88,2 тэрбум төгрөгийн төсвийг олгожээ. Эдгээр барилгуудын 90 орчим хувь нь сургууль, эмнэлгийн байр, дотуур байр, спорт заал байгаа юм байна.
Хэлэлцүүлэгт оролцогчид улсын хэмжээнд он дамжин баригдаж буй барилга байгууламжийн шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа эсэхэд дүгнэлт хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, Зөвлөмж гарган холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр тогтов.