Ч.Номингийн эрхэлж байсан, эдүгээ дүү нь хариуцан ажиллуулдаг Тэрэлжсүйх амралтын газарт төсвийн 50 сая төгрөгөөр дайлуулж, таван мега төсөлтэй танилцан амралтын өдрийг өнгөрөөсөн 60 гишүүн тус бүрт 833.300 төгрөгийн зоог барьж, дарс хүртсэн гэсэн тооцоо гарчээ. Энэ нь 65 кг хонины мах юм байна.
Нэг хонь 20 гаруй кг жинтэй гэвэл гурван хонийг нэг өдөрт нэг хүн идээд харьжээ. Яаа бас л мангасдаж чадаж байгаа юм шүү, яаж шингээв ээ, базар дарь минь. Гэнэт амралтын өдрөөр дуудагдан очиж, үнэт зоог, үлэмж төслийн тухай лекц сонссон гишүүд энэ мөнгийг эргүүлэн төсөвт тушаахаар санал нэгдсэн чимээ байна. За та минь, Тэрэлжсүйх рүү дуудагдаж уригдаад, чухам хутга тавилгүй зоог хүртэж, хундага амраалгүй дарс шимээд, дараа нь өрөнд ордог юм байна шүү.
Үүнээс гадна Ч.Номингийн хамаарал бүхий Тэрэлжсүйхэд Л.Оюун-Эрдэнийн ажлын албанаас 2024 онд нийт 126.5 сая төгрөгийн үйлчилгээ авсан юм байна. Энэ зоог болон уулзалтанд очсон хүмүүс 126.5 сая төгрөгөө бас хувааж төлж, гишүүдийн жишгийг дагаж дээ.
Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн ЗДТГ, Зэвсэгт хүчний хөгжлийн төв мөн Тэрэлжсүйх зочид буудалд 7 дугаар сарын 9-нөөс 10 дугаар сарын 18-нд нийт гурван удаа 100.1 сая төгрөгөөр дайлуулж цайлуулжээ. Өндөр үнээр дайлуулж цайлуулсан хүмүүс юу идэж ууснаа жагсааж бичээд мөнгийг нь төсөвт төлнө үү дээ. 2023 онд ч эднийхээс Ерөнхий сайдын ажлын алба, Нийслэлийн ЗДТГ, БШУЯ, УИХ-ын тамгын газар гэсэн төрийн дөрвөн төсөвт байгууллага нийт 225.0 сая төгрөгийн зоог барьжээ.
За тэгэхээр энэ Тэрэлжсүйх чинь томчуудын тогоо шанаганы амин судлыг атгаад хэвтчихсэн, ерөнхий тогооч нь Номин гэж харагдаж байна. Мэдээж, тусгай газарт, тусгай үйлчилгээ бүгд камерын бичлэггүй гэвэл хэн итгэх үү, ихээхэн донгосдог сайд гишүүдийг буцаагаад буланд шахаад шантаажлахгүй гэх баталгаа байхгүй.
Энүүхэндээ гэхэд орчин үеийн эмэгтэй Исмэл маягийн хүн юм биш үү? Айлчилж очсон хүмүүс нь амаа мэдэж, айж явахад ер гэмгүй. Үүнээс гадна хоолыг нь идэж, шөлийг нь ууж, виски дарсыг нь хүртсэн хүмүүс УИХ-ын гишүүдтэй адил хүнийхээ тоонд хуваагаад өөрт оногдохоо төлчихвөл тэгээд болох янзтай.
Тэрэлжсүйхийн бассейнд айлын бага насны хүүхэд живж нас барж байсан, сүүлд Зоригийн хэргээр ял хүлээсэн Чимгээ “Тэрэлж зочид буудалд над дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан” хэмээн ам алдахад эдний нэр нэг бус удаа хар дагуулаад, сайтуудаар гараад өнгөрч байсан юм даг. Ер нь бол Парламент тэргүүтэй Төрийн ордныхон Тэрэлжсүйх рүү нүүнэ үү дээ.
Та нарыг нүүчихвэл “Монголд үйлдвэрлэв” төвийг төв талбайнхаа хоймор хавьд залсгээд болох тухай яриа олны дунд гарч эхэллээ шүү!
Сэтгүүлч Р.Эмүжин