Цаг уурын байгууллагын гаргасан улирлын ерөнхий төлөвөөр буюу ирэх арванхоёрдугаар сард төв болон зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын хойд олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас зүүн аймгуудын нутгаар ахиу орох төлөвтэй байгаа хэдий ч цаашдаа 2025 оны нэг, хоёрдугаар саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, ялангуяа нэгдүгээр сард нутгийн баруун хойд хэсгээр, хоёрдугаар сард зүүн аймгуудын нутагаар ахиу цас орох төлөв ажиглагдаж байгаа тул цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийн тулд өдөр бүрийн цаг агаарын мэдээг хүлээн авч ашиглахын зөвлөж байна.

Арванхоёрдугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Өмнөговийн нутаг, Ховд, Говь-Алтайн ихэнх, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Дорноговийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын нутаг, Төвийн ихэнх, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим.

Нэгдүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх бол нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Өвөрхангайн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Харин хоёрдугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол нийлбэр хур тунадас (цас) Дорнодын нутаг, Хэнтийн зүүн, Сүхбаатарын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.