Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг эргэн харж, урсгал зардлыг 3.6 их наядаар бууруулах шаардлагатай гэсэн саналыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин, Ж.Баярмаа, Б.Түвшин нар гаргаж, өнөөдөр /2024.11.04/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд ирэх оны төсвийн төслөөс үр ашиггүй зардлыг танах шаардлагыг Засгийн газарт хандан тавьж байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.ЭНХТҮВШИН:
-Сонгууль болоод дөрвөн сар болсон байна. Дөрвөн сарын өмнө улс төрийн намуудын амлаж байсан мөрийн хөтөлбөрийг сануулъя. МАН улсын төсвийн зарлагын ДНБ-нд эзлэх хувийг 25 хувь хүртэл бууруулна, мөн Засгийн газрын өрийг 40 хувиас бага байлгана.
Ардчилсан нам төсвийн нийт зарлагыг 20 хувиар бууруулна, ХҮН нам бизнест ээлтэй, татварын орчин бий болгоно, төсвийн зардлыг бодитоор буулгана гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлж байсан.
Гэтэл өнөөдрийн байдлаар Монгол Улсын 2025 оны төсвийн төслөөр нийт төсвийн ДНБ-д эзлэх хувийг 37 хувьд хүргэхээр, 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлтэй харьцуулахад өссөн. Графикаас харвал төсвийн ДНБ-д эзлэх хувь 2020 онд бууж байсан, сонгуультай учраас 2024 онд 5 огцом нэмэгдсэн. Ирэх жилийн төсөв дээр дахин нэмэгдүүлэхээр орж ирсэн. Энэ нь улс төрийн намуудын дөрвөн сарын өмнө амлаж байсан хөтөлбөрөөс зөрж байна. Нэг талаасаа төсвийн хэмжээ нэмэгдэнэ гэдэг хувийн хэвшилтэй өрсөлдөж байна гэсэн үг. Хэрэв нэмэгдэж байгаа төсвийн дүн хувийн хэвшилд байсан бол шагнал урамшууллаа нэмэх, илүү бүтээмж өндөртэй хүмүүст энэ мөнгийг үлдээх боломж байсан.
УИХ-ын гишүүн Ж.БАЯРМАА:
-Ирэх оны төсөвт томилолт, зочны зардал 111 тэрбум болсон нь өмнөх оныхоос 4 дахин нэмэгдсэн. 2020 онтой харьцуулахад 16 тэрбум байсан, өнөөдөр ийм дүнд хүрсэн. Үүнээс гадна тавилга эд хогшил 268 тэрбум төгрөг болсон, 2024 оны төсвийн зардлаас 2.2 дахин нэмэгдсэн. Өмнө нь 100 гаруй тэрбум байсан гэсэн үг.
Мэдээллийн технологийн үйлчилгээний зардал гэж байгаа. Төрийн бүх газар мэдээллийн технологийн хэлтэс албадтай. Гэтэл ирэх оны төсөвт мэдээллийн технологийн зардал 70 тэрбум болж орж ирсэн. 2024 оныхоос 3.6 дахин нэмэгдсэн, 20 орим тэрбум байсан нь ингэж нэмэгдсэн.
Бусдаар гүйцэтгүүлсэн ажлын үйлчилгээний төлбөр хөлс 1.9 их наяд төгрөг болсон нь мөн өмнөх оныхоос 2.5 дахин нэмэгдсэн. Хамгийн ноцтой нь ямар ажил үйлчилгээ явах нь тодорхойгүй. Бараа ажил үйлчилгээний зардал 450 тэрбум байснаа 690 тэрбум болж нэмэгдсэн. 2023 оны төсөвт хийсэн аудитын шалгалтаар 74 тэрбум төгрөгийн илүүдэл бараа материал авсан. Энэ нь ашиглалтгүй, хугацаа нь дууссан бараа гэхэд 2023 онд 71 тэрбум байсан байтал 960 тэрбум буюу 1 их наяд болсон.
Сургууль, цэцэрлэгийн хүртээмж бага байгаа, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдэл иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд үзлэгийн багаж хэрэгсэл,дутуу, бээлий байдаггүй гэдэг ноцтой зүйл яригдаж байсан. Гэтэл энэ зардлууд хотод тэр дундаа төрийн захиргааны төв байгууллагуудын зардал эзэлж байгаа. Яам, тамгын газрын зардал гэсэн үг. Ирэх жилийн төсөвт орон нутагт нэг ч шинэ зардал тавилга тоног төхөөрөмж, сургууль, эмнэлгийн барилга тусгагдаагүй хэрнээ төвдөө ийм зардал тусгасан нь шударга бус.
УИХ-ын гишүүн Б.ТҮВШИН:
-Бидний Засгийн газарт тавьж буй шаардлага бол улсын төсвийн бүтээмжийг нэмэгдүүлэх, үр ашигтай зардлыг тусгах шаардлага юм. Сүүлийн жилүүдэд Засгийн газрын бүтээмжийг хэмжих хяналт суларсан. 2024 онд Засгийн газрын урсгал зардал 22 их наяд, маш их хэмжээний үргүй зардалтай гэдэг аудитын дүгнэлт гарсаар байтал урсгал зардлыг 26 их наяд болгож оруулж ирсэн. Урсгал зардал гэдэг тухайн жилдээ гараад дуусдаг. Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас өндөр хамааралтай. Уул уурхайгаас олж байгаа орлого үргүй зардалд зарцуулбал, дахиад зардал шаарддаг.
Тавилга авсан байлаа гэхэд дараагийн удаа шинэчилж таарна гэх мэтээр зардал нь нэмж зардал нэхсээр орлогынхоо 77 хувийг урсгал зардалд зарцуулж байгаа. Тийм учраас үргүй урсгал зардлаас хасах.
Нөгөө талдаа бизнес эрхлэгч, ажил олгогч нарт Нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ өндөр, татварын орчин хүнд, бодитой татвар өндөр байгаа нөхцөлд бизнес эрхлэгчдийн орчныг хязгаарлаж байгаа нь энэ их цуглуулсан мөнгөө үргүй зарцуулж байгаа нь манай эдийн засаг бүтээмжгүй байна гэсэн үг.
УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:
-Төсөв, эдийн засаг хоёрыг салгаж ойлгох боломжгүй байгаа. 2025 оны төсвөөс ирэх жилийн эдийн засгийн өнгө төрх харагдаж байна. Зардлын хэт их тэлэлт иргэдийн амьдралд нөлөөлөх гээд байна. Жишээлбэл, инфляци 2 оронтой тооноос дээш гарах, төгрөгийн ханшийг сулруулах, гадаад валютын нөөц буурч байна. Валютын нөөц 5 тэрбум ам.доллар байсан бол 4.3 тэрбум ам.доллар луу буурсан. Иргэн, аж ахуй нэгжийн орлого дээр хүндээр тусна.
Төсвийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төрийн оролцоог бууруулж байж, хувийн хэвшлээ дэмжих шаардлага байна. Төсвийн урсгал зардлын өсөлт нь макро эдийн засагт тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх.бодит эрсдэл байна.
Бид бүхний зүгээс 2025 оны төсвийн төслийг дахин хэлэлцэх шаардлагатай, зайлшгүй засвар хийх шаардлагатай. Ингэснээр ирэх оны эдийн засагт учрах эрсдлийг бууруулах, гол бодит эрсдлийг зөөлөн газардуулах бололцоо бүрдэнэ гэж үзэж байна. Зорьж байгаа зүйл маань төвсийн урсгал зардлыг 3.6 их наядаар буулгах,
УИХ-аас хоёр сарын өмнө баталсан урсгал зардлыг 3.6 их наядаар нэмэгдүүлсэн байгаа. Үүнийгээ бууруулж, хуулиа мөрдөе гэж байгаа юм. Тооцож үзэхээр валютын ханш 175 төгрөгөөр нэмэгдэхэд инфляци 1 хувиар нэмэгдэх бодит эрсдэл байна. Төсөв 3.6 их наядаар нэмэгдэхэд инфляци 1.5 хувиар нэмэгдэх бодит эрсдэл байна. Энэ нь ирэх онд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 6 хувиар нэмэгдүүллээ ч үр дүнгүй болно гэсэн үг гэлээ.