Энэ үг хүнд нь ч, байшинд нь ч, салбарт нь ч хамаатай. Аса арена нээгдлээ гээд бөөн баяр. Байшин нь бэлэн болжээ, барьсан байна, босгосон байна, гэвч энэ хүртэл 17 жилийн турш гээгдсэн, хаягдсан, тасарсан Монголын циркийн урлагийг одоо хэрхэн агуулгаар нь сэргээх вэ? Циркийн урлагт Аса Дагвадорж болон ах дүүсийн гэр бүл өртэй хэвээрээ үлдлээ.
Циркийн дугуй цэнхэр байшинд Циркийн сургуулийн 4-14 насны хүүхдүүд хичээллэж, бага ахуйгаасаа уян хатан, урамтай чадварлаг болж өсдөг байсан, тэмээ, нохой гээд амьтдаа сургадаг, өдөр бүр бэлтгэлээ хийдэг байсан. Энэ уламжлал манай энхрий хайрт, ихэмсэг давилуун Асагийн нударган дор үгүй болсон.
Уламжлал тасарсан, удам дагасан циркчид подвал хонгил, гудамжаар нутаглан, тарж сарнисан, амьтад нь хаашаа ч юм алга болж, айлын хашааны буланд амь тавьсан. Энэ үнэн үү, үнэн. Монголын циркийн 100 гаруй жилийн түүхэнд Асагийн 17 жил хар мөрөө үлдээсэн. Цирк үзэхийг мэддэггүй, алиалагчийн хамар яаж хөдөлдгийг хараагүй нэгэн үеийнхэн өссөн.
Одоо байшинтай боллоо. Аса аренад циркийн урлаг утгаараа дахин сууриа тавих уу, эсвэл үнэтэй тоглолт, хүлээн авалтын түрээсийн байр сав төдий үлдэх үү?
Саяхан Аса Дагвадоржийн сумод ид хүчийг үзүүлж, мэхийг уралдуулж явсан үеэ дурсан, цаг цагаараа байдаггүйг, залуу нас мөнх залуугаараа иртэй, идтэй үлддэггүйг ойлгосон маягийн пост сошиалаар яваад байсан. Аса циркийг нураасан 17 жилийн хугацаанд ямар олон циркчний ид үе гудамж метрлэж дууссан бол оо? Заримдаа юу ч эргэж ирдэггүй.
Нэгэнт байшинтай болчихлоо. Хэлбэрээ олжээ. Одоо агуулга нь хаана байна, хэрхэн олох вэ, яаж Монголын циркийн урлагийг хөгжлийн манлай болгохоо байг гэхэд өмнө байсан төвшинд нь хүргэж, дахиад сургуультай морь, тэмээ, сарлаг, чонотой болж, гайхамшигтай авъяастнуудыг сурган боловсруулж, үндэсний циркийн урлагаа хөгжүүлэх вээээ?
Монголчууд 1934 онд үүссэн, үндэсний өвөрмөц циркийн урлагтай байлаа. 1940-өөд оноос Монголын уран нугаралт гэсэн брэнд үзүүлбэрээр дэлхийг хагас зууны турш гайхшруулж ирсэн. Цэнхэр байшин босчээ, тоосго өрж, шил толиор гоёжээ. Циркийн урлаг хаана байна? Хүнийг цирк болтол хөгжүүлэн бүтээдэг тэр школ хаана байна?
Урлаг дахь менежмэнтийн хувьчлалын гэрээнд анхнаасаа агуулгыг голлон тусгасан байсан. Тэгэхээр Аса гэрээнийхээ нэг хэсгийг л 17 жилийн дараа биелүүллээ. Аса Дагвадорж оо, мэхийг хийсэн шиг хийх сайхан, агуулгыг бүтээсэн шиг бүтээх бас сайхан гэдэг үгийг санаж явагтун! Хэлбэрээ олсонд талархъя, одоо агуулгаа хүлээнэ!
Циркийг анх 1.5 тэрбумаар менежмэнтийн хувьчлалаар аваад буулгасан юм билээ. Одоо Аса Дагвадорж барьсан байшингаа улсад хүлээлгэн өглөө гэхэд цаана нь 90 жилийн түүхтэй циркийн урлагийн өртэй үлдэнэ. Тэр зүгээр нураасан байшингаа л босгосон!
Сэтгүүлч Р.Эмүжин