Г. Занданшатар намын даргад өрсөлдөхгүйгээ мэдэгдсэн өдрөөс эхлээд бүхий л мэдэгдэл, илтгэлд нь Ерөнхий сайдын албаа үргэлжлүүлэх итгэл үнэмшил дүүрэн байв. Байгалийн баялгаас бүлгээрээ хувь хүртдэг шударга бус байдлыг халахын төлөө, ард түмний итгэлийг сэргээх “Шинэ итгэл”-ийг хамтдаа бий болгоё зэргээр үг бүртээ Засаг тэргүүлж үлдэх мессеж шингээж байсан гэхэд хилсдэхгүй. Н.Учралд баяр хүргэсэн “Ард иргэдийнхээ итгэлийг хүлээж тэдний хүсэл эрмэлзлийг бодит үйл хэрэг болгохын төлөө хамтдаа зүтгэхдээ баяртай байна” гэсэн үг нь ч бүх зүйл урьдчилан зурж төлөвлөсөн сценарийн дагуу явагдаж байгааг сануулсан дарамт мэт байсныг хэлэх хэрэгтэй.
Н.Учралын хувьд Г.Занданшатарын Засгийн газрыг тогтвортой үргэлжлүүлнэ гэх мэдэгдлийг хийсэн ч нам нь УИХ-ын сонгуульд олонхи болсон тохиолдолд намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэх заалтаа өөрчлөлгүй хэвээр баглав. Дүрмийн энэ хэсгийг хэн ч хэзээ ч өөрийнхөөрөө тайлбарлаад тоглож болох гэлээ ч ихэвчлэн намын дарга Ерөнхий сайд байна гэдгээр ашиглагдаж ирсэн. Ерөнхий сайд асан С.Баяр “Монгол Улс парламентын засаглалтай улс. Эрх баригч намын даргын албыг Ерөнхий сайдын албанаас салгадаг нь сайн үр дүнд хүргэхгүй. Бодол, зарчим маань хэвээр” гэсэн нь Г.Занданшатарыг намын шинэ даргадаа Ерөнхий сайдын эрх мэдлийг өгөхийг шаардсан шаардлага гээд тайлбарлачихад буруутахгүй байх.
МАН-ын бүлэг фракциуд тохиролцоонд хүрээгүй бол ямар ч асуудлыт урагшлуулдаггүй нь гэм биш зан. Тэр утгаараа Г.Занданшатар Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллах тохиролцоонд хүрч байж Н.Учралыг даргаар сонгох шийдвэрийг бүх талууд гаргасан байх.
Н.Учрал өөрөө У.Хүрэлсүхийн дэмжлэгтэй, эцэг нь Х.Баттулга болоод түүний бүлэг фракцийнхантай эрх ашгийн гүн бат хэлхээтэй, эх талаараа Б.Хурцтай нэг нутаг ус гээд бүгдийг нь цуглуулах мөөм толгой аятай л зөвшөөрөгдсөн байж таарна. Түүнд өрсөлдөгч олдохгүй Удирдах зөвлөлийнхнийг багагүй сандаргасан гэж байгаа. Г.Тэмуулэн, Ж.Энхбаяр тэргүүтэнд нэрээ дэвшүүлэх санал тавьсан ч Н.Учралыг уйлахад нь саатуулдаг тоглоом биш гээд татгалзсан мэдээлэл бий. Эцэст нь Б.Лхагважавт Ерөнхийлөгчийн зүгээс хүчээр шахам тулгалт хийж мал тооллого маягтай 100 хүн тоолуулсан гэлцэж байна. Хэдий ийм байдал, зөвшилцөлтэйгээр Н.Учралыг намын дарга болгосон ч бидний өмнөх нийтлэлдээ сануулсанчлан улстөрийн тоглолтыг Х.Баттулга Л.Оюун-Эрдэнэ нарын гэх нам дамнасан бүлэглэл гартаа авах бололтой. Тэртэй тэргүй тэдний бүлэг фракц гэгдэх болсон Х.Тэмүүжингийн бодож олсноор УИХ-ын дарга нь намын дарга байж болохгүй гэсэн хуулийн төслийг АН-ынхан оруулж ирэхээр бэлтгэж байна. Батлагдах ч биз. АН-ын бүлгийн 42 гишүүнээс гадна бусад нам эвсэл, түүнчлэн Л.Оюун-Эрдэнийн тооно хатавчаар оруулж ирсэн гэгдэх гишүүд нэмэгдээд юу юугүй баталж таарна. Тэгэхээр Н.Учрал Ерөнхий сайд болж, Х.Баттулга УИХ-ын даргад горилох нь цаг хугацааны л асуудал болно. Ийм мэхэнд Ерөнхийлөгчийн тал унасан байхыг хэн байг гэхэв. Уг нь МАН-ын өвгөд Н.Учралыг намын дарга болгоод УИХ-ын даргын албыг хамтатган хашуулах, Г.Занданшатарыг Засгийн газрын тэргүүнээр үлдээнэ зэргээр Ерөнхийлөгчийнхөө “тархийг угаан” зөвшөөрүүлсэн гэлцэж байна.
Эл хувилбарын хажуугаар О.Цогтгэрэлд Спикерийн суудлыг өгч, Н.Учрал одоогийн албаа үргэлжлүүлсэн ч болно гэсэн юм байх. Энэ тохиолдолд Засгийн газарт АН орж ирж хэд хэдэн сайдыг өөрчлөн ИЗНН-ыг Засгаас гаргах, ХҮН Засагт үлдэх ч сайдыг өөрчилнө зэргээр яриулсан мэдээллийг эх сурвалжаас өгч байна. Тэрчлэн Г.Занданшатарыг Засгийн газрын тэргүүнээр ажилуулж байгаад 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх, эсвэл сонгуулийн жил хуульд заасан 50 насанд хүрэх тул Б.Энхбаярыг ч Төрийн тэргүүнд зүтгүүлж болно гэх үлгэр бичилцэж байсан аж.
Харамсалтай нь Н.Учралын аав талын тулах багана Х.Баттулга тэргүүтэн, ээж талын өмөг түшиг АН-ынханд МАН-ын өвгөд далаараа тавиулж намын даргын тамгыг муу нэр луу данст 15 давхрынханд битүүдээ шилжүүлэн алдаж буй нь энэ бололтой. Өнөөдөр ч үргэлжлүүлэн хуралдаж буй МАН-ын Их хурлынхан шилэн гэх Б.Цогтгэрэлийн гэнэт дэмжсэн бүхэн сэжигтэй, Зам тээврийн дэд сайд байх цагаас эхлэн женко бүлэглэлийн хурээллээс хальж гарахаа больсон хэмээн буруутгаад өчигдөрхөн сонгосон шинэ даргыг Дээд шүүхэд бүртгүүлэхгүй гэлцээд эхэлж. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхийн бүртгэлээр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ байсаар байх хэрэг. Энэ байдал үргэлжилсээр сонгуулийн жилийн босго давчихыг хэн байг гэхэв…
Ямартай ч Х.Тэмүүжингийн бодож олсон гэх АН-ын санаачилсан хуулийн төсөл Г.Занданшатарын карьерт нэгмөр цэг тавьж, Б.Энхбаярын билүүдэж суугаа хэрэг материалуудыг өөр нэгний гарт шилжүүлэн сарниулах шинэ өрөг эхлүүлэх нь гарцаагүй болов бололтой.
Үргэлжлэл бий…
