Долоо хоног бүрийн Даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Тэгвэл АН-ын бүлэг өнөөдөр /20247.11.18/-нд 10.00 цагт хуралдаж эхэлсэн. АН-ын бүлгийн хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод” боомтын төмөр замын хилийн холболтын бүтээн байгуулалтын явцын талаар мэдээлэл сонслоо.
Энэ удаагийн бүлгийн хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын хэлэлцээний явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн асуусан асуултад хариулт өгч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Монгол Улсын Засгийн газар, Их хурал тус тусдаа хариуцлагаа хүлээгээд ажлаа хийх хэрэгтэй. Бид бүгд “амьд гэрч” байж худлаа ярихаа болих хэрэгтэй. Чалкогийн гэрээнээс шалтгаалаад бид нүүрс гаргасан ч орлого огт байхгүй болсон. Бүх ам.долларыг Чалко авдаг байсан. Оффтэйк гэрээ байгуулж огт болохгүй. Бүх алдааг Ардчилсан нам руу буруутгадаг байдлаа одоо боль. Монгол Улсын эрх ашгийн төлөө хэт туйлшрахгүйгээр Засгийн газар ажиллах ёстой.
Утаанаас болж олон хүүхдүүд өвчилж, иргэд эрүүл мэндээрээ хохирсоор байна. Маш олон жил “асуудал байхгүй” гэж та бүхэн хэлсэн ч иргэд хордсоор байгаа. Түлшинд органик хорт нэгдлүүд байгаа тухай сонссон. Энэ үнэн үү” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
О.Цогтгэрэл: Чалкогийн гэрээ, үнийн нөхцөлийн талаар эхлээд маш тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй. Тэгж байж бид одоо байгуулах гэж байгаа гэрээ Чалкогийн гэрээнээс дордуулахгүй байх юм байна гэдэг тал дээр мэдээлэлтэй болно.
Дөрвөн жилийн өмнө эрх баригчид “утааг ялчихлаа” гэж байсан. Шахмал түлшний үйлдвэрийг ашиггүй, технологийн хувьд хоцрогдсон, асуудал шийдээгүй “дампуурсан төсөл” гэж зарлаж байна. Хаана хэн нь худлаа хэлэв? Утааг ялсан гэдэг нь худал байв уу?