УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд өчигдөр /2024.11.18/ Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаатай танилцаж, “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр-II”-ын төслийн явц, хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага, Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах асуудлаар санал солилцлоо.
Тус уулзалтад УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн, дэд хорооны гишүүн Х.Баасанжаргал, ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Х.Мөнхзул, Ж.Хунан, Б.Энхболд, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн болон бусад холбогдох албаны төлөөлөл оролцов.
Уулзалтын эхэнд “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл батлагдсан. Энэ удаагийн стратеги төлөвлөгөөний гол онцлог нь УИХ-ын бүх үйл ажиллагаа “хүн төвтэй парламент” гэсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн.
Өөрөөр хэлбэл, УИХ-аас гаргаж байгаа бодлого, шийдвэр, түүнийг боловсруулах, төлөөлөх, өргөн мэдүүлэх, хэлэлцэн батлах, биелэлтэд хяналт тавих, тайлагнах зэрэг бүх үе шатад хүний хэрэгцээ, шаардлага, иргэдийн оролцоог нэн тэргүүнд зохистой хангах, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулахаар алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийг тодорхойлж, таван зорилго, тэдгээрийн хүрээнд хэрэгжүүлэх 16 зорилт, хүрэх үр дүнгийн хамт стратеги төлөвлөгөөнд тусгасан гэдгийг УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд онцлон хэллээ.
Хүний эрхийг хангаж, хамгаалах, хүндэтгэх нь төрийн үндсэн үүрэг бөгөөд төр энэхүү үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад ХЭҮК нь хөндлөнгөөс, хараат бусаар хяналт тавьдаг байгууллага юм.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь 2021-2024 оны стратеги төлөвлөгөөндөө нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлэх замаар хүн төвтэй нийгмийн хөгжлийг бэхжүүлэхийг тэргүүлэх чиглэлээр тодорхойлсон.
Энэ хүрээнд ойрын 2 жилийн хугацаанд иргэний болон улс төрийн эрхийн орон зайг хамгаалах, эдийн засаг, нийгэм соёлын эрхэд ахиц гаргахыг дэмжих, зорилтот бүлгүүдийн эрхийг хангах, хамгаалахад манлайлах, хүний зөрчигдсөн эрхийг сэргээх тогтолцоог бэхжүүлэх, бүс нутгийн түвшинд манлайлж ажиллаж байна гэдгийг ХЭҮК-ын дарга Д.Сүнжид цохон тэмдэглэлээ.
Тус уулзалтаар ХЭҮК-ын гишүүд хүний эрх, эрх чөлөөнд тулгамдаж буй асуудлыг эрхийн төрлөөр ангилж, нарийвчлан судалсан талаарх мэдээллийг өгч, цаашид авч хэрэгжүүлэх шаардлага арга хэмжээ, гарц шийдлийн талаар танилцуулав.
Улмаар УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгснөөр энэ удаагийн уулзалт өндөрлөлөө.