УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун танилцууллаа.

Тэрбээр, Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын харилцан үнэлгээ Монгол Улсад 2017 онд хийгдсэн. Тус байгууллагаас тавьж буй 40 зөвлөмж болон 11 шууд хэрэгжилт тухайн үед хангалтгүй үнэлэгдсэн тул 2019 онд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт буюу “саарал жагсаалт”-д оруулж байсан. Энэ хүрээнд Монгол Улс хугацаатай үүрэг даалгавар авч 6 сарын дотор холбогдох үүрэг даалгавруудыг биелүүлж, 2020 оны 10 дугаар сард ФАТФ-ын саарал жагсаалтаас гарсан. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдахаас өмнө Санхүүгийн зохицуулах хорооноос 40 гаруй анхааруулга сэрэмжлүүлэг олон нийтэд хүргэсэн гээд тус хуулиар зохицуулах харилцааны талаар танилцууллаа.

Тухайлбал, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хуулиар хуулийн этгээдийг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, холбогдох эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулдаг ажээ. Харин виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч болон түүний харилцагчийн хооронд хийгдсэн гэрээ, хэлцлээс үүсэх маргаантай холбогдсон харилцааг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиар зохицуулахгүй юм байна. Онцлох зохицуулалт нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулахгүй нийтэд санал болгох, худалдахыг хориглох, виртуал хөрөнгийг бусад санхүүгийн хэрэгсэл, үйлчилгээтэй адилтган сурталчлахыг хориглодог ажээ. Тэрбээр цааш нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн салбарын эрсдэлийн үнэлгээ, хэрэгжүүлсэн арга хэмжээ, эрсдэлд суурилсан хяналт, шалгалт зэрэг асуудлыг мэдээллээ. Мэдээллийн дараа УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, Ч.Ундрам, Ж.Золжаргал нарын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авлаа.

Түүний дараа Байнгын хорооны хуралдаанд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтан-Од танилцууллаа. Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд хийгдсэн цахим шилжилтийн үр дүнд Монгол Улс НҮБ-аас 2 жил тутамд гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр 2024 онд 46 дугаар байранд эрэмбэлэгдэж, өмнөх оноос 28 байр урагшилсан. Мөн цахим хөгжлийн индексүүд сайжирч байна. Тухайлбал, төрийн үйлчилгээний цахим индекс 2020 онд 0,53 байсан бол 0,83 болж өссөн. Цахим хөгжлийн дэмжих 4 багц хуулийг батлан хэрэгжүүлж байна гээд хуулийн зохицуулж буй харилцааг танилцуулсан. Тэрбээр цааш нь, төрийн мэдээлэл солилцооны үндсэн систем “ХУР”, танилт, нэвтрэлтийн “ДАН”, төрийн үйлчилгээний “ХУРДАН цэг”-ийн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй тоо баримтыг мэдээлээд хуулийн хэрэгжилтийг хангах талаарх хүндрэл болон шийдлийг танилцуулав. Тухайлбал, байгууллагууд цахимд шилжсэн ч цаасан хэлбэрийг давхар хадгалах шаардлагатай тулгарч, бодит байдал дээр цахим шилжилт нь хурдасгуур биш давхар ачаалал болж хувирч байгаа тохиолдлууд байгаа ажээ. Эрүүл мэндийн салбарт өвчтний түүхийг цахим системд оруулсан ч эмч нар давхар цахимаар хадгалдаг, зөвшөөрөл, тайлан зэргийг цахимаар авч байгаа ч цаасан хувийг нөхөж авдаг, хуулийн этгээд цахимаар байгуулахад дийлэнх алхам цахимжсан боловч цахимаар данс нээх, улсын бүртгэгч эх хувиуд иртэл бүртгэх боломжгүй байгаа ажээ. Дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд Shilen.gov.mn сайтад хуульд заасан нээлттэй мэдээллийг тогтмол оруулах, бүх төрийн байгууллага нийтийн мэдээллийн систем үүсгэхийн өмнө  зөвлөмж, дүгнэлт гаргуулах, төрийн байгууллагууд DocX-т холбогдсон албан хэрэг хөтлөлтийн систем ашиглах, оpendata.gov.mn сайтад жагсаалтааар батлагдсан нээлттэй өгөгдлийг хэрэглэгч ашиглахад хялбар байдлаар оруулах, тоон гарын үсэг ашиглаж хэвших, цахим хэлбэрээр хадгалсан мэдээллийг цаасан хэлбэрээр давхардуулж хадгалахгүй байх ёстой гэв.

Мэдээлэлтэй холбогдуулан тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, нээлттэй мэдээлэл гэдэгт 68 мэдээлэл нээлттэй байж чадаж буй эсэх, 2014-2024 онуудад төрийн байгууллагууд цахим шилжилтэд 2 их наяд төгрөг зарцуулсан байна. Хөрөнгийн задаргааг танилцуулах, хөрөнгийн үр ашигтай зарцуулах талаар хэрэгжүүлж буй ажлын талаар тодруулахыг хүссэн. Мөн УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, төрийн байгуулалтын хооронд цаасан мэдээллийг хаахад эрсдэл бий гэдгийг сануулаад цахим гарын үсгийн шийдлийг сайжруулах ямар боломж буй эсэх болон кибер аюулгүй байдлыг хэрхэн хангаж буй талаар асуув. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд цаасан болон цахим мэдээллийн үнэн бодит байдлыг эн тэнцүү гэж үзэх тухай заасан. Гэтэл Архивын ерөнхий газарт цаасаар мэдээллийг авч архивлах зохицуулалтай байгаа учраас асуудлыг эргэн харах шаардлагатай байна. Иргэн цахим гарын үсгээ нэг удаа өөрийн биеэр очиж, гарын үсгээ баталгаажуулах л шаардлагатай. Тоон гарын үсгийн техник, технологийг ирэх жилээс шинэчлэн олон улсын аудитыг хийлгэхээр ажиллаж байна гэж ажлын хэсгээс хариуллаа. Харин УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын асуултад ажлын хэсгээс хариулахдаа, хуулийн дагуу 5 чиглэлээр 68 мэдээллийг shilen.gov.mn сайтад ил тод байршуулж байна. Төрийн байгууллагад цугларсан мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд бүх төрийн байгууллагын мэдээллийг нэгдмэл байдлаар оруулах зохицуулалт хийх ажлын хэсэг ажиллаж байна гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.