-Дэлхийн 150 гаруй улс орон ХПВ-ийн эсрэг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлжээ-

Хүний паппилома вирусийн эсрэг вакциныг энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хийж эхлэх гэж байгаа билээ. Тэгтэл цахим сүлжээнд тус вирусийн эсрэг вакцин нь сөрөг гэсэн судалгаа, нотолгоогүй мэдээллүүд цацагдсан. Тиймээс Эрүүл яам, Хавдар судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2024.11.20/хүний паппилома вирусийн талаар мэдээлэл хийв.

ХӨСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү “Монгол Улс хавдрын шалтгаант нас баралтаараа дэлхийд тэргүүлдэг. Тэр дотроо элэг, ходоод, умайн хүзүү, улайн хоолой, уушги зэрэг хавдраар тэргүүлж байна. Гэвч вирусний шалтгаант хавдар дэлхий дээр тэргүүлдэг улс орон өнөөдөр үлдээгүй. Харин бид бүхэн орчны нөлөөт шалтгаантай хавдраар нас барж байгаа эмгэнэлтэй дүр зурагтай байна. Тиймээс бид шинжлэх ухааны нотолгоонд суурилсан арга хэмжээ авах хэрэгтэй байна. Үүний нэг нь, өнгөрсөн хугацаанд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эрдэмтэн, мэргэжилтнүүд зүтгэж, олон эсэргүүцлийг давж, хуулиар нь батлуулж, одоо товлолтод оруулж байгаа хүний папиллома вирусний дархлаажуулалт гэж бид үзэж байгаа. Улмаар олон хүн үүнийг талархан хүлээж авч байгаа гэж бодож байгаа.

Дэлхийн улс орнууд умайн хүзүүний хавдаргүй гэдгээ зарлаж байгаа. Гэтэл бид дэлхийд тэргүүлээд, эхний таван хавдрын нэгдүгээрт бичигдэж байна. Өнөөдөр Монголд 4712 хүн умайн хүзүүний хавдраар оношлогдоод байна. Жилд 160 хүн нас барж, 400-500 гаруй хүн шинээр оношлогддог. Шинээр өвдөж байгаа хүмүүсийн гол шалтгаан нь, эрэгтэй, эмэгтэй бэлгийн замаар дамжин халдварлаж байгаа папиллома халдварын дамжилт. Үүнийг бууруулахын тулд умайн хүзүүний хавдрын эсрэг вакцин гаргасны эцэст олон улс орон хавдаргүй гэдгээ зарлаад байна. 

Тиймээс энэ вирусний эсрэг вакцин хийснээср энэ өвчлөлийн тархалт буурна. Дагаад нас баралт буурна гэсэн тооцоолол хийж байна. Өнгөрсөн хугацаанд энэ ажлыг хэрэгжүүлсэн, нийгмийн эрүүл мэндийн төлөө зүтгэсэн олон хүнд баярлалаа гэдгээ хэлье. Вакцин хийснээр хүүхэдгүй, хөгжлийн бэрхшээлтэй болгоно гэсэн судалгаа дэлхий дахинд байхгүй. Буруу мэдээлэл дахиад олон хүний амиар солигдоно” гэлээ.

Энд нэг зүйлийг тодруулахад, дэлхий дахинд ХПВ-ийн 200 гаруй хэвшинжийг судалж тогтоосон бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүнд ХПВ нь үтрээ, бэлгийн уруул, шодой, ам, хоолой, умайн хүзүүний хорт хавдар зэрэг зургаан төрлийн хорт хавдрын шалтгаан болдгоос гадна бэлгийн үү, ургацаг үүсгэдэг ажээ.

ХПВ нь ихэвчлэн бэлгийн замаар дамжин халдварладаг бөгөөд умайн хүзүүний хорт хавдрын 75 хувь нь ХПВ-ийн 16 болон 18 хэв шинжээр үүсгэгддэг байна. Насанд хүрсэн хүн амын 80 хувь нь амьдралынхаа аль нэг үед энэ вирусийн халдварт өртдөг гэдгийг мэргэжитнүүд хэлж байгаа юм. ХПВ-ийн халдвартайгаа мэдэхгүйгээр бусдад халдвар дамжуулах боломжтой юм байна. Хавдар хожуу үе хүртлээ шинж тэмдэг илрэхгүй байх нь элбэг байдаг аж.

Манай улсын тухайд, өнгөрсөн онд 425 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогджээ. Энэ нь нийт оношлогдсон хорт хавдрын дөрөвдүгээрт орж буй үзүүлэлт аж. Мөн онд умайн хүзүүний хорт хавдраар 160 эмэгтэй нас барсан байна.

Харин дэлхий дахинд 2030 он гэхэд бүх улс орнуудад дараах гурван зорилтод хүрч, умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийг бууруулах, улмаар устгах зорилт тавьсан байна.

Үүнд:

-15 нас хүртэлх охидын 90%-ийг ХПВ-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулах,
-35 ба 45 насныхны 70%-ийг өндөр мэдрэг эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулсан байх,
-Умайн хүзүүний эмгэгтэй эмэгтэйчүүдийн 90%-ийг шаардлагатай эмчилгээ, тусламж үйлчилгээнд хамруулсан байх зорилтыг дэвшүүлжээ.

Дэлхийн 150 гаруй улс орон ХПВ-ийн эсрэг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлсэн бөгөөд вакциныг хүн бүрт хүртээмжтэй болгох, дархлаажуулалтын үйлчилгээг хүн амд ойртуулах зорилгоор сургуульд суурилсан байдлаар зохион байгуулж байна.