Интермед эмнэлэг өвчтөнүүдийнхээ хувийн мэдээлэл, утасны дугаар зэргийг хакердуулж, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нар нь тэмбүү өвчний оноштой эмчлүүлж байсан тухай мэдээлэл цахим орчинд тархсан. Үүнтэй холбоотойгоор нэр бүхий гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Өнгөрөгч баасан гарагийн оройноос Б.Мөнхсоёл бид хоёртой холбоотой гүтгэлэг гарсан. Парламтентын 34 жилийн түүхэнд УИХ-ын гишүүдийг тэмбүүтэй гэж гүтгэж байсан тохиолдол байддаггүй юм байна. Би анхных нь боллоо. Гүтгэлгийн шинж чанартай худал мэдээлэл гэдгийг холбогдох байгууллагууд олж тогтоосон.
Интермед эмнэлгийн зүгээс албан ёсны мэдэгдэл гаргаж, уучлалт гуйсан. Миний бие гишүүнээр сонгогдсноосоо хойш буруу зүйлд шүүмжлэлтэй хандсан. Засгийн газрын тэргүүнийг шүүмжилсэн. 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсөв гэх мэт олон асуудлыг шүүмжилж, акц зохион байгуулсан. Эцэст нь ийм гүтгэлэг явагдаж эхэлсэн. Би хувьдаа МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж харж байна” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл “Би Интермэд эмнэлгийн үйлчлүүлэгч биш. Энэ бол хоёр гишүүний тухай асуудал биш. Улс төр дахь эмэгтэйчүүдийн оролцоог хумих гэсэн башир арга” хэмээлээ.