Манай улсад жил бүр 7300-аад хүн хорт хавдраар оношлуулж байна. Харин тэдний 4600-аад нь эмчилгээ хийлгэж чадалгүй нас бардаг гэсэн статистик мэдээлэл бий. Гэвч манай улсад ганцхан энэ төрлийн эмнэлэг байдаг. Тэгвэл ирэх оны төсвийн төсөлд ХСҮТ -ийн шинэ эмнэлгийн дэд бүтэц эхлүүлэх бэлтгэл ажил хангахад зориулж, 7.9 тэрбум төгрөг тавиулсан талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан доорх мэдээллийг тодрууллаа.
Тэрбээр “2025 оны улсын төсвийн тухай хуулийг бүхэлд нь хүчингүй болгож дахин шинээр хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулах ХСҮТ -ийн шинэ эмнэлгийн дэд бүтэц эхлүүлэх бэлтгэл ажил хангахад зориулж төсөвт мөнгө тавиулахаар УИХ -ын гишүүдээс өчигдөр өглөөнөөс гарын үсэг цуглуулж эхэлсэн билээ. Орой ажлын цаг дуусахын өмнөхөн нийт 46 гишүүн нэгдсэн бөгөөд албан бичгээ Сангийн сайд Б.Жавхланд хүлээлгэн өгсөн. Улмаар нэг ч төгрөг тавигдаагүй байсан “Хавдар 2” төсөл дээр Засгийн газар 2025 онд 7.9 тэрбум төгрөг төсөвлөн оруулж ирсэнээ МАН, АН ын бүлгүүдэд оройхон танилцуулсан юм. Энэ бол хүмүүнлэг зоригтой бас гайхалтай шийдвэр байлаа. Улсын төсвийг алдагдалгүй батлахаар 2.9 их наядаар танаж байгаа ч хорт хавдраар өвдөж амь насаа алдаж байгаа иргэдээ бодсон, улс төржөөгүй шийдвэрт нэгдсэн Засгийн газар болон УИХ ын эрхэм гишүүдэд талархлаа. Одоо 7.9 тэрбумаа хамгаалж батлуулах л үлдлээ…” гэв.