Засгийн газраас төрийн өмчит компаниудад реформ хийж, нийт 21 компани татан буулгах гэнэ. Харин үлдсэн компаниудад бүрэн эрхт төлөөлөгч томилж, бүх талын эрх мэдлийг бүтэн атгуулах юм байх.
Мэдээж өнгөрсөн хугацаанд нэр бүхий цөөн газарт энэ төрлийн эрх мэдэлтэн бас л хэл, амтайхан томилогдож үүрэг гүйцэтгэж байв. Харин энэ удаад нэжгээдийг нэгдсэн журмаар албажуулж, төр засгаас цалин хөлс олгон тусгай орон тоог бий болгох нь.
Үнэндээ манай улс чинь цахимд шилжиж, цаас бэхээс хол байхыг зорьж буй. Гэтэл цөөхөн хэдэн төрийн өмчит газрынхаа санхүүгийн тайланг бүрэн цахимжуулаад, аудитаар хянахад болох ажлыг тусгай дарга томилж, төрд дахин нэг данхар бүтэц шинээр бодоод олчих гэж…
Тэгээд ч өнөөдрийн байдлаар төрийн албан хаагчдын тоо 45 мянгаар нэмэгдэж, 20 их наяд төгрөгийг цалин болон бусад хангамжид зарцуулж байна. Бүх яамдын сайд нар дэргэдээ үндэсний хороо, комисс, зөвлөл гээд барилдахаасаа таахалзах нь гэгч байгаа.
Нөгөөтэйгүүр, дээрээс шидсэн чулуу хэний, ямар “шидэт дохиур”-аар хаана, хэрхэн ажиллах нь тодорхой бус. Хэн ямар хөгжим захиалж, хэрхэхийг хэн ч үл мэднэ. Тиймээс татвар төлөгчдийн хөрөнгийг цахим системээр мануулая, эрх баригчид аа.