Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр УИХ-ын дарга болон УИХ дахь нам эвслийн бүлгийн дарга, Засгийн газрын гишүүдтэй уулзаж, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өгөгдсөн байна. Энэ талаар тодруулахгүй юу. Ямар ажлыг хийх ёстой гэж үзэв?

-Анх 2019 онд шахмал түлш үйлдвэрлэж байхад утааны түвшин 40-50 хувиар буурч байсан, тэр байдлаас яагаад ухарчих вэ. Шахмал түлш сайжраад явах ёстой байтал одоо яагаад муудчих вэ гэдэг асуудлыг Ерөнхийлөгч тавилаа. Хяналт шалгалт суларсан байна. Шахмал түлшний хатаалт, орц буюу барьцалдуулагч болон бусад асуудалд анхаарлаа хандуул.

Утааг бууруулах асуудал ганц байгууллагын асуудал биш төр засаг бүхлээрээ уялдаа холбоотой ажиллаж үр дүн гаргана. Цааш цаашдаа уялдаа холбоогоо сайжруулж төрийн байгууллагууд бүгд энэ асуудал руу орж ажиллах хэрэгтэй байна.

Хуучин Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо гэж байсан түүнийг яагаад татан буулгав. Мэргэжлийн хяналтын газрынхан Улаанбаатар хот руу түүхий нүүрс орж гарч байгаад хяналт тавьдаг байсан, татан буугдсан. Хяналт шалгалт байхгүй болсон байна. Эдгээр асудлаар Ерөнхийлөгч байр суурь илэрхийлсэн.

-Уулзалтад Ерөнхий сайд оролцсон уу?

-Ерөнхий сайд хүндэтгэх тодорхой шалтгааны улмаас оролцоогүй. УИХ-ын дарга, УИХ дахь намын бүлгүүдийн дарга нар оролцсон.

-Шахмал түлшний чанар яагаад муудав. Технологийн горим алдагдсан уу, аль эсвэл шахмал түлшний хатаалтаас болж байна уу?

-Шахмал түлшний хатаалтын түвшин урьд нь ямар байсан, одоо ямар байна вэ гэдгийг ярьсан. Шахмал түлний хувьд чийгшил ихтэйгээс уугиж утаа их гардаг үе нь ихэссэн байна гэдэг нь зарим лабораторийн дүгнэлт шинжилгээгээр баталгаажсан.

-Уулзаад л байна, хуралдаад л байдаг үр дүн байдаггүй. Тодорхой үр дүн гаргах шаардлага байдаг?

-Улс орнууд тухайлбал, Лондон, Парис анх түүхий нүүрс түлж дулаацдаг, өвөлждөг байсан. Дараа нь шахмал түлш, түүний дараа хагас коксжсон түлш рүү шилжсэн. Үүний дараа төгс шийдэл буюу газ түлж агаарын бохирдлоо шийдсэн. Манайх ч түүхий нүүрс түлдэг байж байгаад Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх Ерөнхийлөгч ажиллаж байхдаа халсан. Тэр хөгжлийнхөө үе шатын дагуу түүхий нүүрс түлдэг байж байгаад халсан.

Төрийн байгууллагууд уялдаа холбоогоо сайжруул. хариуцаж байгаа эзэн нь хэн байна аа гэдэг асуудал тавиад байгаа. Ийм асуудал тавина гэдэг өөрөө үр дүн гарахын эхлэл шүү дээ.

-Уулзалтад цагдаа, тагнуулынхан оролцсон гэдэг мэдээлэл бий. Ямар үүрэг чиглэл өгсөн бэ?

-Тагнуул, цагдаагийн байгууллагынхан мэдээлэл сонсох байдлаар орлцсон. Тодохой үүрэг чиглэл өгсөн, одоогоор энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй.